Нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх ажиллагаа 20-ны өдөр явагдсан. Тэр дунд АН-аас нэр дэвшүүлэх ажиллагаа нэлээд ширүүн уур амьсгал дунд явагдаж, өчигдөржин гомдсон нэр дэвшигчид нь бужигнаж өнгөрөөв.
Тэр дунд АН-ын залуус гэгддэг наяад оныхон нэлээд хэл ам таталж байлаа. Ц.Жадамба, П.Галиндэв, М.Чимиддорж, Н.Жавзанпагма, П.Нүрзэд, Л.Отгонцэцэг, Х.Номингэрэл нар нэрээ татаад, татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа жагсаалтад бас гайгүй эрэмбэнд орчих санаатай байсан ч 2 дугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханы тойрогт дэвшүүлсэнд уурлаж намаасаа гарахаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга ч жагсаалтад нэр дэвшихийг хүссэн ч Сонгинохайрхан дүүрэгт нэрийг нь хавчуулсан тул “Нэр дэвшинэ” гээд АН-д өгсөн 16 сая төгрөгөө намын даргаасаа нэхэмжлэв. Өргөдөл нь олон нийтийн хүртээл болоод л явж байна.
Мөн “Либерти Амраа” гэгддэг Д.Амартүвшин ч саяхан АН-д элсэж жагсаалтад гайгүй дээгүүр жагсана гэж хүлээж байсан учир өчигдөр “Хулхидуулчихлаа” хэмээн жиргэжээ.
Сайн ч, муу ч нэг намаас нэр дэвшинэ хэмээн дэвшчихээд ийнхүү нэрээ татаж байгаа залууст гайхаж байгаа хүн олон байна. Аль нэг фракцын шахалт уу, эсвэл угаасаа амжилт олохгүйгээ мэдсэн мэдрэмж үү?