Нара Банчэн гэгээнтэн сүсэгтэн олонд хандаж номын айлдвар хүргэлээ

Бурхан багшийн дүйчин өдөр зориулсан эрдэм ном, соёлын өдөрлөг өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд боллоо. Энэ үеэр Нара Банчэн гэгээнтэн сүсэгтэн олонд хандаж  номын айлдвар хүргэлээ. Түүний айлдвараас онцлон хүргэж байна.

-Жаргалтай байх нь бидний сэтгэл зүйгээс үүдэлтэй. Доторхи муу сэтгэл хүчтэй байвал гадна тал хэдий хичнээн сайхан байсан ч бид амгалан байх боломжгүй болно. Жаргалыг үгүй болгож буй дайсан бол бидний дотоод сэтгэлд буй уур, муу сэтгэл.Хамгийн тэнэг, хүлцэнгүй байдал бол муу сэтгэлийг давраах.

 

Хүү нь амжилт гаргавал ээж нь чин сэтгэлээсээ баярладаг. Хүүдээ жаргал хүссэн сэтгэл их учраас баярлаж байгаа. Харин найздаа тэгж чаддаггүй. Найз нь сайхан амьдарвал, нэр хүнд нь сайхан явбал, албан тушаал ахихад тэрнийг нь харч чадахгүй, атаархах, муу аргыг сэдэж эхэлдэг. Энэ нь нөгөө найздаа жаргал хүсээгүй болохоор тэгж байгаа. Тэгэхээр уур уцаар, муу сэтгэлийн хамгийн анхны хохирогч нь өөрөө байна. Өөрөө эхэлж түлэгдэж, бусад руу цогийг нь шиддэг.

-Дуртай хоолоо идэж, гоё кино үзэхэд бид мөнгөөр аз жаргалыг худалдаж авч байна. Тэгвэл бусдын сайхан явахад баярлаад сурвал ямар ч үнэ төлбөргүй аз жаргалыг мэдрэх боломжтой. Энэ таны сонголт.

-Эцэг, эхийн ач тусыг санадаггүй нь бидний нэг алдаа байдаг. Хүүхдээс нь ээжийнх нь ач тусыг асуухад шууд хэлж чадахгүй, бодоод байдаг. Харин ээжийнх нь гэм бурууг асуухад “намайг ойлгодоггүй, сонсдоггүй” зэргээр шууд хэлдэг гэнэ. Бусдын ач тусыг бус гэм бурууг нь санах нь бидний сул тал.

-Хүнд өвчин тусахад эмч эмчилбэл тэр хүний ачийг насаараа мартахгүй. Гэтэл эцэг, эх биднийг тэр байтугай аюулаас хэдэн мянган удаа аварсан байдаг.

-“Энэ над руу ингэх ёсгүй дээ” гэсэн бодлын эцэст гомдол үүсдэг. Гэтэл бидэнд хор хүргэж байгаа байдал нь өөрийн эрхгүй бий болж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Тэр хүн биш уур нь бидэнд хор хүргэж байна гэж бод. Тэр хүн өөрөө сонгодог байсан бол уурлаж өөрөө зовохыг хүсэхгүй. Өөдөөс нь сөргөөж уурлахгүйгээр, тэвчээр гаргавал бид буян хураана. Уурласан хүн л илүү зовдог. Нинж, асрал, хайр энэрлийг өөдөөс нь харуулах хэрэгтэй.

-Нэг хүн хөл нүцгэн явж байгаад чулуунд хөлөө цохисноо уур нь хүрэв. Босож ирэнгүүтээ чулуугаа өшиглөөд байна гэнэ. Тэгэхээр ууртай үед хамгийн хайртай өөрийгөө өвтгөж байна гэхээр бусад руу уурлах нь аргагүй гэж нинж бясалгаж,  бусдыг зөвтгөж бод.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn