Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байна. Санхүүгийн эх үүсвэртэй холбох системийг гаргаснаар гэр хорооллын иргэд ус, Орон сууцны иргэд СӨХ, цаашлаад иргэд автобусны төлбөрөө төлж болох нөхцөл бүрдэх юм байна.
Энэхүү ухаалаг системийг монгол залуучууд хөгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд систем бүхий хогийн савнуудыг гэр хороололд байршуулах юм байна.
Энэ талаар Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:
Хогийг ангилж хаях, ялгах таних тэмдэг бүхий сав тавьсан ч иргэд ангилж хаядаггүй. Тиймээс хогоо ангилж хаявал оноо цуглуулах системийг нэвтрүүлэх гэж байна.
Энэхүү систем бүхий хогийн савыг хамгийн түрүүнд гэр хорооллын ус түгээх байруудад байршуулна. Ундааны сав, хуванцар нийлэг эдлэлүүдийг тодорхой хэмжээний мөнгөөр иргэдээс худалдаж авч, хуванцар эдлэл дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Ингэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Иргэд ундааны саваа ангилж хийснээр мөнгөн дүнгээр үнэлэгдэж гарна. Уг мөнгөөр усаа худалдаж авна гэсэн үг.
Жишээлбэл ундааны нэг савыг 10 төгрөгөөр авлаа гэхэд найман сав авчирч хийхэд 80 төгрөг болж, уг мөнгөөр усаа авах боломжтой болно.
Мөн автобусны системд холбоно. Ингэснээр иргэд автобусны картаа уншуулахад ухаалаг хогийн саванд ундаа, таргийн саваа ангилж хийсэн мөнгөн дүн автобусны 500 төгрөгөөс хасагдах юм. Уг системийг монгол залуучууд хөгжүүлж байгаа.
Цаашид ухаалаг хогийн савыг орон сууцнуудын дунд байршуулж, хогоо ангилж хаясан иргэд СӨХ-ны мөнгөнөөсөө хасаж тооцуулдаг болгоно.