Өчигдрийн үнэн: Зориг Ерөнхий сайдад яригдаж байсан

-“Өчигдрийн үнэн” цуврал 1-

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө өнгөрсөн 30 жилд болсон зарим үйл явдал маргааны сэдэв болж байгаа тул үнэнийг мэдээлж байхаар www.gereg.mn сайтын редакц “Монголын улстөр 30 жилд” цуврал нээлээ. Энэ удаа С.Зориг агсан Ерөнхий сайдад яригдаж байсан уу? сэдвээр бэлтгэлээ. Текст болон видеогоор хүлээн авна уу. 


 Шинэ  Үндсэн хуулийн дагуу явагдсан хоёр дахь сонгууль 1996 онд болов. Тэр үед    ардчиллынхан  нэгдэн нийлж  сонгуульд оролцвол амжилтад хүрнэ гэдгээ тооцоолсон байлаа. Коммунист системээс дөнгөж гарсан Монгол Улс барууныхны сонирхлыг татаж байсан учраас тэд шинэ залуу намуудыг янз бүрээр дэмжсэн байдаг.

Ингээд  Монголын Үндэсний ардчилсан нам болон  Монголын Социал демократ намууд  хамтран “Ардчилсан холбоо” эвслийг сонгуулийн өмнө байгуулав.  Мэдээж шинэ намууд нэгдэн нийлсэн сайн талтай  ч  баруун, зүүний үзэлтэй хоёр нам ийнхүү “хонь,хурга” болсон нь улстөрийн намууд үзэл, онолоороо ялгарах үйл явцад томоохон саад учруулсан нь ойлгомжтой.

Шинэ эвсэл Улсын их хуралд тавин суудал авав. Чамлахааргүй амжилт байгаа биз. Харамсалтай нь тогтвортой ажиллаж чадалгүй, дөрвөн ч Засгийн газар сольсон юм.

Ардчилсан холбоо эвслийн анхны Ерөнхий сайдаар эвслийн тэргүүн Энхсайхан томилогдов. Эвслийн  намууд дотроо  хамгийн  олон суудалтай   Монголын Үндэсний ардчилсан намын  дарга Элбэгдорж Ерөнхий сайд болж чадсангүй. Тэрээр Улсын их хурлын  дэд дарга хэмээх  эрх мэдэл багатай албан тушаалд ажиллав.  Улсын их хурлын  даргаар эвслийн нэг багана болсон Монголын социал демократ намын  дарга Гончигдорж сонгогдов.

Эрх мэдлийн төлөө хөшигний ард маш их хуйвалдаан явагддаг учраас улс төрийг бохир гэдэг. Ийм хуйвалдаан Ардчилсан холбоо эвслийн  үед үнэндээ л хүчээ авсан байдаг.

Сөрөг хүчний намууд болох  25 суудалтай Монгол ардын хувьсгалт нам, нэг суудалтай  Монголын уламжлалын нэгдсэн намын  Дашбалбар нар ч  хангалттай улстөрийн тоглолт хийж байлаа. Ардчилсан холбоо  эвсэл гаргасан шийдвэрээ  Улсын их хурал дээр дангаараа батлах ямар ч  боломжгүй байв. Дээр нь  өөр хоорондоо нийлэмжгүй. Сөрөг хүчний улстөрийн тоглолт ч их хийгдэж, Засгийн газруудаа ойр ойрхон огцруулсан дөрвөн жил байлаа.

1998 оны дөрөвдүгээр сард Энхсайханы Засгийн газар огцорч, Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдав.Гэвч гуравхан сарын дараа банкны хуйвалдаан  хийсэн нь илэрч, Элбэгдоржийн Засгийн газар  огцорсон.

Юу болсон бэ гэвэл, Энхсайханы Засгийн газарт  Сангийн сайдаар ажиллаж байсан  Цагаан улсын хамгийн том  “Сэргээн босголтын банк”-ийг хувийн жижиг “Голомт” банкинд нэгтгэх төлөвлөгөө хийсэн байжээ.

Түүнийг нь Элбэгдоржийн Засгийн газрын Сангийн сайд  Баабар шүүрч аваад гүйцээх ажлыг хийв. Зүй нь бол өмнөх Засгийн газрынхаа алдаатай ажлыг зогсоох ёстой байлаа. Гэвч  үргэлжлүүлэн гүйцэлдүүлснээрээ Элбэгдоржийн Засгийн газар буруудаж огцров.

Ингэж Элбэгдорж гуравхан сар Ерөнхий сайд  хийгээд долдугаар сард  огцров. Үүнээс хойш бараг хагас жилийн турш дараагийн Ерөнхий сайдаа томилж чадалгүй байсаар  1998 оны өвөлтэй золгосон юм.

Энэ хугацаанд асар их улстөр явагдаж, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Зориг амь насаа алдсан.

Зоригийг нас барсны маргаашнаас олон хүн Ерөнхий сайдад нэр дэвшихийнхээ өмнөх өдөр алагдлаа хэмээн ярьсан билээ.  Тэр үеийн сонин хэвлэл дээр ч олон гарсан. Үнэндээ бол  Ардчилсан холбоо эвсэлд Зоригоос өөр сонголт бараг үлдээгүй  байв.

Тухайн үеийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвшөөрч байж Ерөнхий сайд томилогддог хуультай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Багабанди Ардчилсан холбоо эвслээс орж ирсэн дөрвөн ч хүний нэрийг олон удаа буцаагаад байв. Элбэгдоржийн оронд Ерөнхий сайд болгохоор нэр дэвшүүлсэн Ганболдыг  зургаан  удаа,  Бат-Үүлийг нэг удаа, Ганхуягийг нэг удаа, Амаржаргалыг  мөн нэг удаа  буцаагаад байв. Тиймээс Ардчилсан холбоо эвсэл дэх фракцууд, мөн Зоригийн өөрийнх нь фракц ч түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ярилцаж, тохиролцоонд хүрээд байсан гэдэг. Гэвч орой нь  гэртээ очоод, отож байсан хүмүүсийн гарт зэрлэгээр хөнөөгдсөн.

Гэтэл өнөөдөр, 26 жилийн дараа  Зориг агсан  Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан уу? Үгүй юу гэх асуудлаар маргалдсаар байгаа нь эмгэнэлтэй юм.

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод Элбэгдорж С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ихэд анхаарал хандуулсан байдаг.  Элбэгдорж анхаарсны хүчинд Зоригийн хэрэг илэрч, Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нарт хэрэг үүрүүлсэн. Гэхдээ тэднийг хэлмэгдүүлсэн нь тодорхой болсон.

Мөн тэдэнд хэрэг үүрүүлсэн нь Зоригийн амь насыг ахуйн сэдэлтэй хөнөөсөн хэмээн итгүүлэх зорилготой байсан мэт.

Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нарыг Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял сонссоны дараа Элбэгдорж   хэвлэлийн бага хурал хийж, “Би энэ хэрэгт анхаарал хандуулж, илрүүллээ. Үүний төлөө Бат-Үүл надад баярлах хэрэгтэй” хэмээн ярьж байв. Учир нь хэргийн газар малгайгаа орхисон Бат-Үүл энэ хэргээр байнга шалгагдаж, хоригддог байв.

Харин өнөөдөр Элбэгдорж Зоригийг тухайн үед Ерөнхий сайдад огт яригдаж байгаагүй гэж ярьсаар байна.

Түүнээс бусад хүмүүс бол  Зоригийг  тэр үед Ерөнхий сайдад яригдаж, бүр нэр нь дэвшиж байсан гэж ярьсаар. Тэр үеийн Улсын их хурлын  гишүүн Лувсанвандангийн Болд, Улсын их хурлын гишүүн, Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч Баярцогт, Улсын их хурлын  гишүүн, Монголын Социал демократ намын  дэд дарга асан Ганбаатар нар  болон талийгаачтай нэг фракцад байсан нөхөд нь ч түүнийг   Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан гэж ярьдаг.

Тухайн үед  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Баяр саяхан энэ тухай твийтэртээ жиргэжээ. Баярын өрөөнд  талийгаач Зориг  хоёр гишүүнтэй хамт орж ирсэн гэнэ. Нэг нь Ганбаатар, нөгөө нь “казино”  гэгдэх Энхбаатар. Хэрэв  өөрийг нь нэр дэвшээд ороод ирвэл Ерөнхийлөгч дэмжих болов уу гэж Зориг асуусан гэнэ.  Баяр Ерөнхийлөгчид түүний үгийг уламжилсан байна. Тэгэхэд  Ерөнхийлөгч Багабанди “Татгалзах зүйлгүй” гэж хэлж байжээ.

Ийм бодитой, тэр үеийн хэвлэлүүд дээр гарсан зүйлийг өнөөдөр Элбэгдорж үгүйсгэж байгаа нь юуных вэ? Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг ахуйн аллага болгон, Чимгээ, Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэн шоронд хийсэн хэргээс бултахын тулд л тэр үү?

Ингэхэд хэрэв тухайн үед Зориг амь насаа алдаагүй, Элбэгдоржийн дараа Ерөнхий сайд болсон бол..? гэдэг асуулт ч  тавигдана.

Харамсалтай нь Зориг үгүй болж, түүний амь насыг бүрэлгэсэн хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй 26 жил улиран оджээ. Үнэн хаана байна вэ?

Хорин зургаан жилийн дараа энэ бүхэн хариулт нэхсээр…

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn