Сүүлийн 20-оод хоногт Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг боловсруулж зэс гаргадаг “Ачит Ихт” ХХК-г шалгаж байгаа асуудал нэлээд шуугиулж байна. Тус компанийн нийслэл дэх оффис болон холбогдох 11 обьектод нэгжлэг хийн 900 гаруй боть баримт бичгээс эхлээд бэлэн мөнгө хураасан гэж байгаа.
“Ачит Ихт”-ыг байгуулаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа өгсөн П.Цагаан, тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн холбоо хамаарлыг үүнтэй холбоотой сөхсөөр байна. Тэгвэл “Ачит-Ихт” ХХК-д Эрдэнэтийн овоолгыг хэн хэрхэн өгсөн юм.
Энэ тухай тэр үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ дээр ийн мэдэгдэж байв.
Тэрбээр “Эрдэнэтийн овоолгыг түшиглэн байгуулсан Ачит-Ихт ХХК-ийн гэрээн дээрээс 34 хувь нь яаж яваад алга болсныг би хэлээд өгье. Ганзориг захирлын үед 34 хувьтай гэрээ хийсэн байдаг юм. Дараагаар нь, би он сартай нь хэлье. 2013 оны хоёрдугаар сард Ц.Даваацэрэн гэдэг захирал томилогдоод байж байгаад 2013 оны долдугаар сард Эрдэнэт 34 хувийг эзэмшинэ ээ гээд гэж зөв хийсэн байдаг. Тэгснээ 2014 оны зургаан сарын 26-нд Ц.Даваацэрэн Эрдэнэцэцэг гэдэг хүнтэй гэрээ байгуулахдаа 34 хувь нь алга болоод “Эрдэнэт үйлдвэрт төлөх ашиглалт, катодын зэсийг борлуулсан борлуулалтын орлогоос, одоо роялти гэж хэлээд байгаа нь энэ. Энд сонин юм хийчихсэн юм. 34 хувь нь алга болоод, роялти төлнө. Нийт борлуулалтын орлогоос 2015 онд 0.5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1.5 хувь ингээд 2034 оныг дуустал 2 хувийг өгнө гэсэн. Энэнээс болоод ГОК-ын авах ёстой 200 гаруй тэрбум төгрөг алга болчихож байгаа байхгүй юу. Ийм улаан цайм юм хэлэхээр намайг, энэ Алтанхуяг Цагаан гэдэг хүнтэй өстэй юм билээ. Ийм юм оруулаад ирлээ гэх юм. Тийм юм байхгүй ээ” гэж байлаа.
Ц.Даваацэрэн АН-ын гишүүн учраас тус намын үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажилласан.
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын гаргаж тавьснаар асуудал энэ удаа ийн өндөр авч байхад “Ачит Ихт”-д овоолгыг өгсөн Ц.Даваацэрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж явах. Уг нь МАН засаглаж байгаа.