Энэ жилийн бүсчилсэн тойргийн онцлог нь нэг нэр дэвшигч өмнөхөөс гурав, дөрөв дахин томорсон газар нутаг, мөн төдийчинээгээр олон сонгогчидтой ажиллаж сонгогдох болж байгаа. Тийм ч учраас сонгуулийн зардал энэ хэрээр өсөх нь тодорхой.
Үндэсний аудитын газраас 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосноо зарласан. Гэхдээ энэ ердөө л зарласан тоо. Ийм том тойрогт эрх мэдэл, санхүүгийн нөөцтэй өрсөлдөгчид нэр дэвших учир албан ёсоор зарласан зардлаас хэд дахин өсөхөөр байна.
Энэ талаар Улстөр судлаач С.Мөнхбат:
Өнөөдөр тойрог томсгосон нь хуучин жижиг тойрог дээр улсын төсвийг, бодлогыг хэт жижиглэдэг байдлыг хязгаарлаж байгаа сайн талтай. Нөгөө талдаа илүү олон түмэнд танигдсан, улс төрд олон жил явсан илүү эрх мэдэлтэй, дээрээс нь бас бизнес, санхүүгийн томоохон нөөц боломжтой нэр дэвшигчид томсгосон тойрог давуу байдлыг үүсгэж байна.
Сонгуулийн зардал хамгийн багадаа нэг тэрбум 500 саяас эхэлж байна. Энэ бол албан ёсоор Сонгуулийн ерөнхий хорооноос зарлаж байгаа тоо нь шүү дээ. Яг тойрог дээрээ очих юм бол 3 тэрбум, 5 тэрбум болох үндэслэлтэй байхгүй юу. Тийм их мөнгө зарж өрсөлдөөд, парламентийн гишүүн болох гэж байна. Лав л одоо нийгмийн сэхээтэн хэсэг тийшээ зорихгүй л болов уу. Олон жил улс төрд явчихсан, улс төрд эрх ашиг нь хадаатай байдаг, ний нуугүй хэлэхэд эдийн засаг, бизнесийн ашиг сонирхлоо улс төрөөр хамгаалдаг хүмүүс бол ийшээ үхэн хатан зорих байх л даа.
Уг нь намын нэр дэвшүүлэлт бол өөрөө их чухал юм байгаа юм. Намууд сайн филтер хийж, одоо яриад байгаа шиг нийгмийн төлөөллийг хангах тал руугаа явж чадах, эсэх нь намаас эр зориг шаардсан ажил. Хамгийн гол нь сонгуулийн зардлыг бууруулж байж энэ өөрөө бодитой болно. Сонгуулийн зардлыг бууруулахын тулд яах ёстой вэ гэхээр үнэхээр нам гэдэг институцэд байдаг шаардлага, шалгуурыг хангаж байгаа намуудыг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих ёстой.
Нэгэнт олон түмний дэмжлэгийг аваад, төрд ажиллана гэж байгаа бол асар их хариуцлага үүрч байгаа. Үүнийх нь төлөө төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бодлогод оролцож байгаагийнх нь хувьд иргэд хариуцлага нэхдэг байх ёстой. Энэ тогтолцоо л бүрдэх ёстой. Одоогийн байгаа байдлаараа бол том мөнгө, том санхүүгийн нөөцтэй хүмүүс төр лүү очоод, намаа ч гэсэн олигархжсан бүлэглэл болгож байгаа энэ байдал амархан арилахгүй шүү дээ.
Улстөр судлаач С.Мөнхбатын дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНДээс уншина уу.