“Авлигатай тэмцэх онц зөвлөл” ТББ-ын тэргүүн Ц.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2017 оноос эхлэн офшорын эсрэг тэмцлийг эхлүүлж, АТОЗ нам байгуулж явсан иргэний нийгмийн идэвхтэн юм.
ТАВ БИШ, 6 Ш АЖИЛЛАГАА БАЙХ ЁСТОЙ, ЗУРГАА ДАХЬ НЬ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ
-Нам дамнасан МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай сэдэв мундахгүй байна. Олон жил тэмцэж яваа хүний хувьд Та түүний талаар юу хэлэх вэ?
– Элбэгдорж анх ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэж, авлигын эсрэг тэмцэл ярьж олон түмний дунд нэр хүнд олж авсан хүн. Гэтэл улстөр ямар бохир вэ гэдгийг өөрийн биеэр харуулсан. Алслагдсан сумаас ирсэн хөдөөний бор залуу ардчиллын буянаар Ерөнхийлөгч ч болж үзлээ,Ерөнхий сайд ч болж үзлээ. Азтай ч гэмээр тохиолдлуудаар өндөр албан тушаал хашиж, төрийн буяныг эдэлсэн. Гэтэл өөрөө дандаа хулгайн хар мөр үлдээсэн.
Нэгдүгээрт, “Оюутолгой”-н асуудал. “Оюутолгой” гэдэг охиноо алдсаан. Энэ талаар ярих юмгүй ээ гэсэн. “Оюутолгой”-н гэрээнд өөрөө холбоотой гэдгээ нотолсон. Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа. “Оюутолгой”-н гэрээ бол дэлхийд байхгүй муу гэрээ хийгдсэн. Түүнийг засаж сайжруулах ёстой хүн байтлаа гадаадынг хөрөнгө оруулагчид нэртэй луйварчдыг өмгөөлсөн мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн.
Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудал. Төрийн мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авахад хууль бус үйлдлүүд их хийгдсэн. Ингэж будилаантуулахад гол үүрэгтэй хүн бол Элбэгдорж.Энэ мэтээр Элбэгдоржийн хийсэн балгуудыг тоочих юм бол барагдахгүй.
Наад зах нь Их тэнгэрийн аманд байсан 40 уран зургийн 21 нь алга болсон. Тэр 21 зургийн зарим нь Элбэгдоржийн хадам дүү Болдбаатарын гэрээс олдож байх жишээний. Гэхдээ Элбэгдоржийн үед Дээд шүүхэд томилогдсон шүүгчид, хууль хяналтын байгууллагад томилсон асар олон томилгооныхоо нөлөөгөөр уснаас хуурай гарч чадаад, ариун цагаан амьтан, энхийн цагаан тагтаа шиг сошиалаар бураад солиороод сууж байна. Яг нарийндаа Элбэгдоржийн байх ёстой газар бол шорон.
Тэр хүний хийсэн гэмт хэргүүд нь ил байж байхад яагаад түүнд хариуцлага тооцож чадахгүй байна вэ.
Гэмт хэрэг хийсэн бол хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлага байхгүйгээс нийгмийн шударга ёс алдагдаж, нийтийн эрх ашиг хохирч байна.
Ц.Элбэгдоржийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч ирээд шалгах ёстой. Яагаад шалгахгүй байгаа юм, айгаад байгаа юмуу. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд хэлэхэд, битгий ай. “Хийвэл бүү ай” гэж үг бий шүү дээ. Дуустал хий. Дутуу хийгээд байна. 5Ш ажиллагаа зөв үү, зөв. Би авлига судлаач хүний хувьд хэлэхэд, 5Ш ажиллагааг их дэмжиж байсан. Ер нь бол 6Ш байх ёстой. 6 дахь Ш нь юу гэхээр шүүхийн шинэчлэл байгаа юм. Шүүхийн шинэчлэл хийхгүйгээр авлигачдын шүүгчдийг яаж ч чадахгүй. Ялангуяа Дээд шүүхэд Элбэгдоржийн томилсон шүүгчид 50,60 хувь нь байна.
Салхитын мөнгөний ордод холбогдоод Ерөнхийлөгч Х.Баттулгын түдгэлзүүлсэн шүүгчид хүртэл Баттулгын томилгоогоор буцаад томилогдсон.Энэ мэтээр Баттулгын хийсэн алдааг Оюун-Эрдэнэ давтаж болохгүй.
-Зөвхөн шүүгчдийг сольчихоор л асуудал шийдэгдэнэ гэдэг нь өрөөсгөл байх, тийм ээ?
-Хэлбэр, агуулга хоёр зохицож байх ёстой байтал хэлбэр төдий тэмцэл явагдаад байна шүү дээ. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой гэдэг шиг дүр эсгэсэн, хэлбэр хөөсөн тэмцэл. Гаднаас нь харахад авлигатай тэмцэж байгаа юм шиг хэлбэр явагдаад байна. Жишээ нь, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг харахад авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэл харагдаж байгаа юм. Гэтэл доод талын систем, авлигыг бий болгож байгаа тогтолцооны асуудлыг үндсээр нь өөрчлөхгүйгээр явахгүй.
Авлигажсан шүүгчдийг, авлигажсан хууль, эрх зүйн системийг өөрчлөхгүйгээр авлига арилахгүй. Авлига аваад л хэдэн төгрөгөөр торгуулаад л болох юм уу. 1.5 сая доллар авчихсан хүн 27-хон сая төгрөгөөр торгуулаад байхаар авлига авах орчныг нь өөгшүүлээд байна гэсэн үг шүү дээ.
Тийм учраас хууль, эрх зүйн орчныг сайжруулаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаа гэж АТОЗ-ын зүгээс, судлаачдын зүгээс удаа дараа шаардсан. Шаардсаны үр дүнд тодорхой хэмжээний хууль, эрх зүйн өөрчлөлтүүд гарсан.
2021 оны намар Авлигын эсрэг форумыг АТГ-аас бидний шаардсанаар зохион байгуулсан. Тэр форумын үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч залуу “Авлига, албан тушаалын гэмт хэргийг 100 хувь хялбаршуулсан журамаар шийдэх тогтолцоо руу явнаа” гээд яриад зогсож байсан. Би тухайн үедээ бараг шоконд орж байсан. Юу гэсэн үг вэ? Хялбаршуулсан журмаар гэдэг чинь прокурортой ял наймаалцаад л, яг нөгөө Хаянхирваагийн авсан 1.5 сая доллар хахуульд авч, газар дээрээ баригдчихаад 27-хон сая төгрөгөөр торгуулаад, тэр авлигачны толгойг илж байна гэсэн үг шүү дээ. Тэр тогтолцоо руу явна гээд ерөнхий прокурорын орлогч залуу яриад зогсож байсан.
Бид ерөнхий прокурорын орлогчийн нээлттэй сонсголд оролцоод санал хүсэлтээ хэлж л байсан. Гэтэл тэр шинэчлэгдсэн шинэ цагийн үеийн гэх прокурор авлигачдын талд, авлигачдад таатай нөхцөлийг бүрдүүлэх тухай юм яриад зогсож байсан.
-Та дээрх хоёр хүнээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Засаглалын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд урьд өмнө байгаагүй их эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон шүү дээ.
Төрийн ажлын туршлага, боловсрол, мэдлэг тодорхой хэмжээгээр дутагдаж байгаа ч гэсэн ямар ч гэсэн авлигын эсрэг тэмцэх эрмэлзэлтэй, залуу хүний хувьд нэр цэвэр, мөр цэвэр учраас миний хувьд Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа юм. Мэдээж хүч тэнцвэргүй тулаан шүү дээ. Нарийндаа яривал дэлхийн уул уурхай дагасан бүлэглэл шүү дээ. Бүлэглэлтэй тэмцэх амар юм биш. Гол нь гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Тэр Сайханбилэгийг Элбэгдоржтой нь “Шувуу” ажиллагаагаар яагаад авч ирэхгүй байгаа юм бэ? Авч ирчихээд ял тооцох гэхээр С.Баярцогт шиг юм болох байх л даа. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад тодорхой хэмжээний авлигын хүчээр Дээд шүүхийн шүүгчийн тусгай санал гэгчийг гаргаад Монголын түүхэнд байхгүй бусармаг үйл явдлыг хийлээ шүү дээ.
Тэгээд одоо бас л энхийн цагаан тагтаа болчихсон сөрөг хүчин байх ёстой том намын Тэргүүн дэд дарга гээд явж байна штэ. Энэ бүхэн чинь ард иргэдийг бухимдуулаад, нийгэм урагшаа зөв хөгжлийн замдаа ороход саад болоод байна. Тийм учраас иргэд өөрсдөө ухамсартай, хариуцлагатай байж зөв сонголт хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр би АН-ын хүн гээд л АН-ынхаа хулгайчдыг өмөөрөөд байж болохгүй биз дээ. МАН-д ч маш олон хулгайч байна, АН-д ч маш олон байна.
НИЙГМИЙН ЭД ЭС БҮХЭНД АВЛИГА ШИНГЭЧИХЭЭД БАЙНА
– Авлигын эсрэг тэмцэж явдаг хүний хувьд системийн авлигын талаар тайлбарлаж өгөөч?
–Авлига системжинэ гэдэг чинь нийгэм бүх түвшиндээ, алхам тутамдаа авлигагүйгээр ажил төрлөө амжуулах боломжгүй болсныг л хэлээд байгаа юм. Систем нь өөрөө авлигажсан.Нийгмийн эд, эс бүхэнд л авлига шингэчихээд байгаа гэсэн үг. Хамгийн наад захын асуудлууд дээр гэхэд л төрийн албан хаагчид өөрсөддөө илт давуу байдлыг бий болгож, хааж боох, хясан боогдуулах замаар авлига авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Ийм тогтолцоог олон улсад хулгайчийн тогтолцоо гэдэг. Манай улс бол хулгайчийн тогтолцоогоор нэлээд дээгүүрт орж байгаа шүү.
–МАНАН-гийн эсрэг тэмцэл гээд долоон жил үргэлжиллээ. Гэвч өнөөдөр МАНАН сарниагүй, гол удирдагчид нь ял сонсоогүй, харин ч буцаж эрх мэдлээ бэхжүүлэх гээд зууралдсаар байна. Энэ долоон жилд ер нь ямар үр дүн гарсан юм бэ. Офшорын эсрэг тэмцэл гээд Та ч бас дунд нь явсан учраас асууж байгаа юм шүү?
-Энэ маш ээдрээтэй асуудал л даа. 2017 онд офшорын эсрэг хөдөлгөөн өрнөж, нам хамаарахгүй хулгайчидтай тэмцэх ажил эхэлсэн. Тухайн үед иргэд айдастай байсан. Гэхдээ “Ард түмний онц зөвлөл” буюу АТОЗ-ын бид тодорхой хэмжээний эрсдэл үүрээд жагсаал, цуглаан зохион байгуулж байсан. Бид уг нь иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачлагын тэмцэл байлгахыг хичээж байсан. Гэсэн ч аль нэг намын талаас орж ирж самрах, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэх мэт оролдлогууд их гарч байсан. Том зургаар нь харвал авлигачдыг айлгасан, цочоосон тэмцэл болж чадсан. Тэмцлийн үр дүнд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Х.Баттулга 60 тэрбумын хэрэг болон офшорын асуудлыг шийднэ гэж ам өгсөн. Мөн энэ тэмцлийн үр дүнд “Шударга тав” гэж Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Батзандан, Аюурсайхан, Болдхуяг нар гарч ирж, үргэлжлүүлэн тэмцсэн. Эдний дундаас хийсэн тэмцлээсээ буцаж няцаад янз бүр болсон юм бий. Өнөөдрийг болтол Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод авлигачдын эсрэг тэмцэж байна. Сингапурыг хар л даа, ганц намын дарангуйлалтай улс. Ли Куан Ю гэж удирдагч манлайлаад, хуулийн дарангуйлал тогтоосон. Тодорхой хэмжээний манлайлал, тодорхой хэмжээний хуулийн дарангуйлал тогтож байж авлигаас жаахан ч болсон ангижирна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭД БИ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙГАА
-Ардчилсан улсын нүүр царай болсон иргэний нийгмийн байгууллагыг яаж бэхжүүлэх вэ?
-Авлигын эсрэг тэмцэлд гол үүрэг гүйцэтгэх ёстой байгууллага бол иргэний нийгмийн байгууллага. Гэтэл иргэний нийгмийн байгууллага төлөвшиж чадахгүй байгаа юм. Гарч ирж байгаа иргэний нийгмийн байгууллагууд нь тохиолдлын, захиалгын шинж чанартай, тодорхой нэгэн улстөрч, улстөрийн хүчний захиалгаар, эсвэл тодорхой нэг хувийн ашиг сонирхлоор хийгддэг иргэний нийгэм болчихоод байна.
Гэтэл иргэний нийгэм өөрөө яаж төлөвшиж бий болдог вэ гэхээр нэгдүгээрт, төрийн зүгээс хууль эрх зүйн дэмжлэгтэй, нийгэм, эдийн засгийн баталгаатай байж иргэний нийгэм төлөвшинө. Оффисынхоо өрөөний түрээсийг дийлэхгүй хүмүүс иргэний нийгэм гээд явах хэцүү. Дороо худалдагдана, асуудлууд гарна.
Тийм учраас би АТГ-ын Олон нийтийн зөвлөлд байхдаа нэлээд идэвхтэй өрнүүлсэн ажлын нэг нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль. Шүгэл үлээгч буюу иргэний нийгмийн идэвхтэнийг хууль бус, авлигын шинж чанартай гэмт хэргийн мэдээллийг ил тод болгож, нийгэмд харанга дэлдэж байхад хэн хамгаалах ёстой вэ гэхээр төр хамгаалах ёстой. Төр хуулиар хамгаалах ёстой. Өмнөд Солонгосын нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийн тухай хууль гээд маш сайн хууль бий. Тэрийг манайхан copy past хуулбарлаад хийхэд л бараг онохоор. Тэр хуулин дээр юуг шүгэл үлээх гэх вэ, шүгэл үлээсэн бол яаж урамшуулах, эрсдэлээс хэн яаж хамгаалах гээд маш тодорхой зааж өгсөн.
Манай Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль бол түүхийдүү, гэхдээ бас шүүсийг нь шахаад иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, эрдэмтдийнхээ санал бодлыг сонсоод хийх юм бол гаргахад их ойрхон болсон байгаа. Харамсалтай нь бараг 2020 оноос хойш яригдаад, хэлэлцээд байгаа хэрнээ батлагдахгүй байна. Авлигачдад өөрсдөд нь ашиггүй байна л даа.
Эрх баригч намд ч маш олон авлигачид байна, дээд, доод, дунд түвшиндээ. Сөрөг хүчинд ч байна. Бүгд л төсөв, Монгол Улсын баялгаас чадлынхаа хэрээр хулгайлах сонирхолтой. Иргэд нь хүртэл тийм хулгайч сэтгэхүйтэй болчихоод байна шүү дээ.
Энийг яаж өөрчлөх вэ, харанхуйд яаж гэрэл асаах вэ, нийгмийг яаж зөв зохион байгуулах вэ гэхээр бас л нөгөө тогтолцооны асуудал яригдаж байгаа юм. Бид нарийндаа тулахаар энэ нийгэмд хамгийн хэрэгтэй хүн хэн байна вэ гэсэн чинь санамсаргүй нэг жирийн иргэн философич хүн хэрэгтэй гэсэн.
Хөгжлийн бодлогын философигүй яваад байгаа байхгүй юу. Эрх баригч нам маань социал демократ үзэл гээд яриад байгаа. Яг нарийндаа тэр үзлээ ойлгож байгаа хүн хэд байгаа юм бол гэхээр сонирхолтой. Гаргаж байгаа шийдвэрүүдийг нь харахаар өөрсдийн гаргасан хөгжлийн бодлогоо сайн ойлгохгүй яваад байгаа юмуу гэж харагдаад байгаа юм.
Тийм болохоор нийгмийг зөв болгоход, соён гэгээрүүлэхэд төр өөрөө, төрийн оюун ухаан хүчин мөхөстөөд байна. Яах ёстой вэ гэхээр Чингис хааны зарчим байна шүү дээ. Хамгийн чадалтай, чансаатай, оюунлаг хүмүүсээ төрд ажиллуулсан, тээ. Төрд зүтгүүлж чадсан гэж. Ли Куан Ю бас Чингис хааны хэлсэн тэр үгийг утга санаагаараа давтаж хэлсэн байдаг шүү дээ. “Миний гавьяа бол ерөөсөө л чадалтай, чансаатай хүмүүсийг төрд ажиллуулсан” гэж. Тэгэхээр төрийн оюун ухаан болж чадах эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсох ёстой.
Оюун-Эрдэнэд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодорхой саналуудаа ч бичиж явуулдаг. Тэрэн дотор зөвлөхүүдийн асуудал орж байгаа. Маш сайн өндөр түвшний төрийн ажлын дадлагатай, туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, судалгаатай хүмүүсийн үгийг сонсч байж өөрөө шат ахина уу гэхээс яг өөртэйгээ ижил зиндааны хүмүүсээр хүрээлүүлээд нэмэргүй.
Өөрөө хууль эрх зүйн мэдлэг муутай байж болно, санхүү, эдийн засгийн мэдлэг муу байж болно. Тэр талаар мэргэшсэн топ мэргэжилтнүүдээ сонсох ёстой шүү дээ. Тэгэж байж тэр хүн чинь тодорхой зөв шийдвэр гаргана шүү дээ.
Тэгэж байж монгол төрийн, засгийн бодлого чинь мэргэн зөв байж урагшаа алхана шүү дээ. Бүх юмыг мэддэг, бүх юмыг чаддаг хүн байхгүй. Оюун-Эрдэнэд байгаа юм нь хөөрхий эр зориг л байна штэ. Энэ авлигын эсрэг, луйварчдын эсрэг тэмцэх эр зориг байгаа болов уу гэж итгэж, найдаад байгаа юм. Зарим нь ч яахав, долоож байна л гэх биз.
САЙН Ч,МУУ Ч СОЦИАЛИСТ ҮЗЭЛ САНАА ГЭЖ БАЙСАН. ОДОО БОЛ ЯМАР Ч ҮЗЭЛ САНАА АЛГА
-Та “Ард түмний онц зөвлөл” гэж ТББ байгуулаад, дараа нь нам болгоод явж байсан. Иргэний нийгэм бүрдэх орон зайгүй нөхцөлд хэр их бэрхшээл тулгарч байв?
-Нийгэм янз бүрийн давхаргын хүмүүсээс бүрдэж байгаа. Эднээс хамгийн идэвхтэй хэсэг нь хоёр намд хуваагдсан байдаг. Дунд нь өөрийн гэсэн үзэл бодолтой цөөхөн хүн байна. Ийм хүмүүс нь цөөдөөд байгаа. Хүн хэчнээн мундаг, мэдлэгтэй, чадвартай байлаа гээд нам дагахгүй бол өөдөө ерөөсөө явахгүй, нам дагавал суга, суга үсрээд явчихдаг, ийм л тогтолцоотой улс. 60 тэрбумын хэрэг гээд бүгд мэднэ. Албан тушаалуудаа худалдаж авдаг учир мерит буюу мэдлэг, чадвар, туршлагатай нь явдаг тогтолцоо байхгүй.
Иргэний нийгэм байхгүй, бүрэлдэн тогтож чадахгүй байгаагийн гол шалтгаан нь үндэстэн маань үзэл санаагүй байна. Үндсэн хуулиндаа эх оронч үндэсний үзэл санааг тунхаглаад байгаа боловч агуулгыг нь задалж сайн тодорхойлж гаргаагүй, тайлбарлаагүй. Нэг нийтлэлтч бичсэн байсан. 1990 онд шалдлаад орхихчихсон. Муу, сайн ч социалист үзэл санаа гэж байсан. Коммунизм чинь үзэл санаатай байсан. Тэр үзэл санааг нь байхгүй болгоод шалдлаад орхисон. Тэр шалдалсан дээр нь хорвоо, ертөнцийн хамаг муу муухай наалдсан гэж бичсэн байсан.
90 онд би сайн санаж байна. Зах зээлийн нийгэм эхлэхэд хамгийн түрүүнд яригддаг байсан үг нь “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг зарчим. Тэр хүн хулгай хийж чадаж байвал арга байхгүй. Зөвшөөрөл өгөөд байна шүү дээ, тиймээ. Тэр хүн албан тушаал, дарга болж чадаж байвал арга байхгүй. Тийм буруу юманд зөвтгөл хийснээр ард түмний тархийг угааж эхэлсэн. Тэр хүн нэг обьект, үйлдвэр хувьчлаад авчихсан бол чадаж байгаа юманд арга байхгүй.
Тэгэхээр нийгмийн философи, тодорхой хэмжээний үндэсний үзэл санаа байхгүйгээс болоод нийгэм чинь өөрөө суурь байхгүй, суурь үзэл санаагүй, хамхуул шиг хаашаа л бол хаашаа хийсч байдаг тийм иргэдтэй болчихсон.
-
- Төр нь өөрөө соён гэгээрүүлэх ажлаа хийх ёстой. Соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхгүй болохоор иргэд нь ч харанхуй ийшээ ч холбироход бэлэн, тийшээ ч холбироход бэлэн. Хамгийн гол үзэл санаа нь мөнгө шүтэх үзэл санаатай болсон. Мөнгөний төлөө бол буруу, зөв ерөөсөө хамаа байхгүй.
Япон хүнийг аваад үзье. Япон хүнд хэчнээн мөнгө амлалаа ч үндэсний үзлээс нь салгаж чадахгүй шүү дээ. Япон хүн бол дэлхийд хамгийн агуу хүн байх ёстой гэсэн үзэл нь яс маханд нь шингэчихсэн, том үзэл санаатай. Ямар ч европ хувцас өмссөн тэр япон хүн л байж байгаа. Байшингаар бол суурь нь. Бид суурьгүй байшин барьчихаад тэр нь нурж унаад, дахиж барих гээд оролдоод л байгаа юм. Ер нь бол 1990 оноос хойш анх удаа бие дааж амьдрах гээд л үзээд байгаа ч толгойгоо даахгүй хүүхэд шиг шургаж уначихаад байна._ Хоёр том гүрний дунд байгаа учраас эдний бодлого нөлөөлнө, мэдээж. Гэхдээ оюуны болон ёс суртахууны тэнхээтэй байж л давж гарна шүү дээ. Монгол Улсыг эдийн засгийн хувьд болон ёс суртахууны хувьд дорой байлгах, ядуу байлгах геополитикийн бодлого хэрэгжсээр ирсэн, цаашид ч хэрэгжинэ.Том гүрнүүдийн буруу ч биш,гол нь монголчууд л сөрөх тэнхээтэй байх хэрэгтэй.
ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ АТГ-ЫГ ХЯНАЖ ЧАДДАГГҮЙ
-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлд Та богино хугацаанд ажилласан. Яг юу хийдэг зөвлөл вэ?
-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл гэж Ерөнхийлөгчийн захирамжаар томилогддог 15 хүнтэй зөвлөл байдаг. Энэ зөвлөлийн хамгийн гол чиг үүрэг нь олон нийтийг авлигын эсрэг тэмцэлд соён гэгээрүүлэх, оролцуулах хөрс суурийг л бэлдэх гол чиг үүрэгтэй. Түүнээс гадна Авлигатай тэмцэх газарт хяналт тавих, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад ажилд нь хяналт тавих үүрэгтэй бие даасан байгууллага шүү дээ, бие даасан, хараат бус байх ёстой.
Гэтэл яг үнэндээ нэг томилолтоор явах гэхээр АТГ-аас томилолтынхоо зардлыг авдаг. АТГ-ын ажилтан шиг байдаг хүн АТГ-г хянах боломж байхгүй шүү дээ. Тэднээс цлаин урамшууллаа авдаг, тэдний хажуу өрөөнд байж байгаа, хажуу өрөөний айл шиг хараат байж байгаа нөхцөлд АТГ-ын үйл ажиллагааг хянах боломжгүй. Үүнийг ч би Ерөнхийлөгч Хүрэлсүхэд хэлж байсан. Авлига, албан тушаалын гэмт хэргээс олсон орлогыг Авлигатай тэмцэх үндэсний сан гэж байгуулаад, тэрэнд төвлөрүүлээд үүнийгээ өргөн фронтоор явагдах авлигын эсрэг тэмцэлдээ зарцуулаач ээ гэж. Тодорхой хэмжээний санхүүгийн үр дүнгүүд гарсан шүү дээ. 100 гаруй тэрбум офшороос орж ирсэн. Энэ авлига, албан тушаалын гэмт хэргээс орж ирсэн орлогын зөвхөн 10 хувийг л Авлигатай тэмцэх үндэсний санд төвлөрүүлээд, тэр сан нь мэдээж шилэн, ил тод байх хэрэгтэй. Тэгээд энэ авлигын эсрэг тэмцэл буюу хулгайчийн тогтолцоог өөрчлөх тэр ард нийтийн тэмцэлд зарцуулбал тодорхой хугацааны дараа бас нэг тодорхой үр дүн гарах боломжтой юм.
Тийм учраас би томилогдсоныхоо дараа Ерөнхийлөгч Хүрэлсүхэд авлигын эсрэг тэмцлийг манлайлаад, 2022 оныг Авлигын эсрэг жил болгооч ээ гэдэг саналыг тавьж байсан. Тэгээд яахав тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч, тэгье гэж байсан боловч Хүрэлсүх олигтой хөдлөөгүй. 2023 оныг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АТОЗ-өөс саналууд тавьж байсны үрээр “Авлигатай тэмцэх жил” болгосон шүү дээ.
Маш том, удаан хугацаанд ужигран бий болсон авлигын тогтолцоог нураахад нэг жил, нэг арван жил бол багадна. Гэхдээ алхам алхмаар урагшлах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогод өөрчлөлт орлоо.Хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бас боловсронгуй боллоо. Мэдээж төгс төгөлдөр болчихсон юм бол байхгүй.
Би Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн Судалгаа, шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан. Тэгээд яг одоогийн байж байгаа тогтолцоогоороо АТГ-ын дэргэд байх юм бол АТГ-д хяналт тавих ямар ч бололцоо байхгүй. Хараат бус ажиллах ямар ч боломж байхгүй.Зүгээр нэр төдий, ёс төдий гэх юм уу. Зарим нэг дэмжигчдийн амь, амьжиргааг дэмжих тийм газар болсон учраас миний зүгээс тодорхой санал тавьж, хасагдсан байгаа.
ИРГЭНИЙ НИЙГЭМ БҮРЭЛДЭЖ БАЙЖ НИЙТИЙН ЭРХ АШИГ, НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ.
-Иргэний нийгмийн байгууллага гэж гарч ирдэг хэрнээ удахгүй өөр тийшээ холбирдог зөндөө хүмүүс бий шүү дээ?
-Ам таглах ажиллагаа гэж байгаа. Хаалтын гэрээ гэж ярьдаг даа. Ам таглах ажиллагаа буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хэрэгжүүлдэг янз бүрийн арга, технологиуд байна. Одоо энд нэг гэмт хэрэг дээр гал асаад олны анхаарал хандаж байхад хажууд нь өөр газар түймэр тавьж байж энд гарсан галыг унтраадаг,тийм технологиуд. Иргэний нийгэм төлөвшихөд хоёр талын, хоёр намын хүчин зүйлүүд маш их нөлөөлж байсан. Дундаас нь аль нэг тал руу нь яг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд дунд нь орж самрах зэрэг технологиуд хийгдэж байсан.Угаасаа ийм полит технологи, дүрэм байгаад байгаа. Тийм учраас энэ дүрмийг буюу тогтолцоог өөрчилж байж л иргэний нийгэмд орон зай гарч ирнэ. Иргэний нийгэм бүрэлдэж байж нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө хүчтэй нөлөө үзүүлнэ.
Хэн нэгний хатгаас, захиалгаар биш, иргэн хүн өөрөө эрхээ мэдээд, үүргээ ухамсарлаад, хариуцлагатайгаар, ухамсартайгаар, боловсролтойгоор үгээ хэлэх орчинг л бүрэлдүүлэх ёстой. Үүнийг яаж хийх вэ? Соён гэгээрлээр л хийнэ. Соён гэгээрэл гэхээр их том юм бодоод байдаг. Тийм биш, наад захын Авлигын эсрэг хуулин дээр жишээ нь авлига гэж юуг хэлээд байгаа тодорхойлолтыг уншчихдаг, өөрийнх нь эрх зөрчигдсөн байхад тэрийгээ хамгаалж дуугарч чаддаг иргэний зоригтой иргэдийг л төлөвшүүлэх ёстой байхгүй юу. Бараг төрсөн цагаас нь сургуулийн өмнөх боловсролоор төлөвшүүлэх ёстой. Тэгэж байж бид арай нэг гэгээлэг, хүмүүнлэг ирээдүйн талаар төсөөлөлтэй болж чадна шүү дээ.Тэгэхгүй Үндсэн хуулин дээр нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд оруулчихаар болчихдог юм биш шүү дээ. Ардчиллаас ухарч болохгүй, харин хуулийн дарангуйлал байх ёстой. Буруутныг шийтгэх ёстой, зөв бол дэмжих ёстой. Миний хувьд бол, аль нам байх нь хамаа байхгүй, зөв бол зөвхөн дэмжинэ. Хэн байх нь хамаагүй. Буруу бол хэн ч байсан буруушаана. Оюун-Эрдэнэ, Элбэгдорж нарын маргаан дээр бол асар том гэмт хэрэгтэн мөртлөө энхийн цагаан тагтаа болж харагдуулж байгаа ээдрээтэй, будилаантай, ороо бусгаа цаг үед амьдарч байна штэ, бид. Цөвүүн цагт. Яаж тэгэж чадаад байна гэхээр хуулийн системд урьдчилж бэлдсэн,томилсон хүмүүсийнхээ үр нөлөөгөөр тэгэж оршоод байна шүү дээ. Дорлигжавыг хар. Нүүрсний сонсгол дээр гэхэд л маш олон гэмт хэргүүд нь дурдагдаж байсан. Гэтэл ямар том дуугарч байна, тээ. Огт гэм буруугүй хүн шиг л дуугарч байгаа биз дээ. Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр манай хууль, эрх зүйн тогтолцоо маш сул дорой, авлигажсан байгааг л харуулж байна.