“Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй гацсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл” компанийн 800 метр газрыг өнөөдөр/2024.05.07/ чөлөөлж байна.
Хотын дарга Х.Нямбаатар:
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай замын ажлаа явуулая гээд тохиролцоонд хүрсэн ч өрөөнөөс гараад өөр юм яриад явсан. Арга буюу өнөөдөр газрыг албадан чөлөөлж байна. Энэ зам баригдсанаар Нарны гүүр, Гурвалжингийн гүүрний ачаалал 16 хувиар буурна гэсэн тооцоолол байгаа. Эрэлийн зам зургадугаар сарын 1 гэхэд ашиглалтад орно.
Улаанбаатар хотын 1250 км авто замын 70 орчим хувь нь элэгдэлд орсон байгаа. Улаанбаатар хотын эвдэрсэн замуудыг хучиж, засварлах ажлыг наадмаас өмнө дуусгана.
Зургадугаар сарын 1 гэхэд Яармагийн гүүрийг Эрчим хүчний гудамжтай холбох зам нээгдэнэ. Зургадугаар сарын 25 гэхэд Таван шарын нүхэн гарцыг нээнэ. ААН-үүддээ хандаж хэлэхэд нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавимаар байна. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийг биелүүлмээр байна, бид хувийн өмчид халдсан шийдвэр гаргаагүй.