Монголчууд өөрдсийн бэлгэдлийн тусгай дүрүүдтэй. Бэлгэдэлт шүтээн, бэлгэдэлт уулс, бэлгэдэлт шувуу , цэцэг гэх мэт.Бэлгэдэл гэдгийг толь бичигт “Сайн сайхан, бэлгэшээл”, “Баяр найртайгаар дурсан тэмдэглэх” хэмээн тайлбарлажээ.
Энэ удаа Монголын үндэсний бэлгэдэлт уул Отгонтэнгэр хайрханы тухай танилцуулья.
Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул хэмээн домогт өгүүлдэг. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн Отгонтэнгэр хайрхан нь түвшнээс дээш 4008 метр өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундаас гарсан “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч” гэсэн утгатай гарчээ. Мөн монгол хэлний эртний үгийн сан дахь “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Эдүгээ монголчууд уг сүрт хайрханыг “Очирваань” хэмээн дууддаг.Очирваань нь Буддын шашны 10 хангал бурханы нэг. Отгонтэнгэр хайрхан нь Очираань бурханы ерөнхий өнгөтэй ижил хар хөхөмдөг уул ажээ. Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэрийн Дөрөө хэмээх салбар уул нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй аж. Ар биеийн үргэлжлэл болох Хүрэн ороонго хэмээх уул нь зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай харагдана. Зүүн урд орших Цаст хан уул нь зүүн хөлөө жийсэн янзтай. Баруун бэлд нь Эрээн, Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дороос өглөөний наран мандаж, баруун доод биед нь оройн галт наран титэмлэн жаргадаг нь гал ноцох мэт харагддаг учраас Очирваань бурханы бүрэлбаа хэмээжээ.
Монголчуудын байгаль эх дэлхийгээ амьдчилж үзэх соёл бөөгийн шашнаас эхтэй бөгөөд яваандаа олон зуун жил Монгол орон дэлгэрсэн Буддын шашны ёс жаягтай сүлэлдэн оршсон нь Отгонтэнгэр хайрханы энэхүү бэлгэдэлд харагдаж байна.
“Бурхан багш”-аас Замбуулинд таван их тэнгэр уул хайрласны хамгийн отгон нь Богд Очирваань хайрхан юм. Монголын ард түмэн уул овооны төрийн тайлга, тахилгын ёслолын өнө эртний түүхэн уламжлалтай бөгөөд өнө мөнхөд дүнхийн сүндэрлэх өлзий буянт Отгонтэнгэр хайрхан нь 1799 оноос 230 гаруй жил төрийн тахилгатай байсан.
Харин Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын таалал төгссөн 1924 оноос төрийн тахилга зогсч, буддын шашны ёсоор тахих зан үйлийг алдаг оног, ил далд үйлдсээр 1930-иад оноос нэг хэсэг тасарсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш төрийн тахилыг эргэж сэргээн тахиж байгаа билээ.
Уул овоо тахих монгол ёс нь байгаль хамгаалах уламжлалт соёлын оргил нь бөгөөд Отгонтэнгэр хайрханыг бүр Хүннү нар МЭӨ 2300 жилийн тэртээгээс тахиж байсан түүхтэй.
Ховор ургамал, ан амьтнаар баялаг Отгонтэнгэр хайрханд байгалийн шим бүхэн байх учир эртнээс тахиж хамгаалж ирэх нь аргагүй юм. Уг хайрханд 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай.