Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.
Тэрбээр “Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Урьд өмнө нь 750 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагддаг байсан. Орлогын эх үүсвэр хангалтгүй байж ирсэн. Хямд хүүтэй зээлийг олгоход хямд хүүтэй эх үүсвэр олддоггүйн улмаас ипотекийн зээл өнөөдрийг хүртэл квоттой явж ирсэн. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноос орон сууцны ипотекийн зээл квотгүй болж байна. Шаардлага нь хангагдаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.
Хуримтлалын нэгдсэн сан энэ онд ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр ирэх долоо хоногоос иргэн бүр Хуримтлалын нэгдсэн сангийн данстай болно.
И-Монголиа дээр данс нь нээгдэнэ. Иргэнд энэ дансны үлдэгдлээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлдээ бэлэн бусаар ашиглаж болно.
Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх мөнгөний эх үүсвэр нь “Эрдэнэс Монгол” нэгдэл байна. Үүнд, Эрдэнэс Тавантолгой ХК 200 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум, Монголросцветмет 8.6 тэрбумын зэрэг ногдол ашиг хэлбэрээр татан төвлөрүүлнэ” гэлээ.