Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгө хураах хуулийг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн салбарынхаа удирдлагуудын хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Олон нийтийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд буй Хууль бус хөрөнгө хураах хуулийн талаар “Хууль бус хөрөнгө хураах хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэй, хүний эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлээр хуулийг дахин боловсруулах шаардлага үүссэн.

Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

Монгол Улсад нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас дахин боловсруулж, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаар төлөвлөөд байна.
 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа 2025 оны 5 дугаар сарын 20-нд уг хуулийн төслийг өргөн барьсан боловч удаан хугацаанд хэлэлцэгдээгүй билээ.

Тэгвэл энэ удаа ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн мэдээлснээр өмнөх төслийг Үндсэн хууль, хүний эрх болон шударга ёсны зарчимд нийцүүлэн нарийвчлан дахин боловсруулсан байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх аж.

Уг хуулийн гол зорилго нь “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль ёсны орлогоос давсан буюу үндэслэлгүйгээр олсон хөрөнгийг тогтоож, нэхэмжлэх, нөхөн төлүүлэх, улсын орлого болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх”-тэй холбоотой юм. 

Мөн “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй зарим тохиолдолд (жишээлбэл өршөөлийн хуульд хамрагдсан зэрэг) хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлууд ч хамардаг” байна. 

Одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн хүрээнд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгийг хураах зохицуулалт Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд тусгагдсан байдаг ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn