УИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайд Увс, Булганы Засаг даргыг огцруулахгүй бол Цэцэд өгнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулсныг хүргэе.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин “Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулийн төслийн танилцуулгыг авч, сонслоо. Иргэдийн итгэлийг олж, төр засгийн тогтвортой үйл ажиллагааг явуулах, шударга ёсыг хангуулахад шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжиж ажиллана. Шаардлагатай гэвэл бүлэг эдгээр хуулийн төслийг санаачлан ажиллах шийдвэрийг гаргалаа.

Хоёрт, Булган, Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулсан асуудлыг хэлэлцлээ. Энэ нийгэм шударга ёсонд нийцэж, Засгийн газрын шийдвэр хууль дүрэм нийцэж байна уу. Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа 20 хууль энэ цаг үед иргэдийн итгэл үнэмшлийг олох, төр засгийн үйл ажиллагааг шударга шуурхай болгоход чиглэх юм. Тодруулбал, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй.

Хуучнаар прокурорын хяналт гэж байсан. Энэ давхар хяналт хаана байх ёстой гэдгийг ярилцаж, УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хорооны дэргэд энэ албыг байгуулах шаардлагатай. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа хэргүүд УИХ-д нээлттэй байх ёстой гэж хэлэлцлээ.

Дараагаар нь Байгаль орчны нөхөн төлбөрийг нөхөн төлүүлэх, үнэлэх тухай асуудал. Монголд гал түймэр гарч, их хэмжээгээр байгаль сүйдэж, хохирч байна. Энийг зохицуулах хууль байхгүй учраас үнэлгээний асуудал маш тодорхойгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн Сонгуулийн санал худалдан авалтын эсрэг хуулийг санаачлан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэмжлээ. Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд 1-2 удаа өөрчилдөг байсан бол энэ жилээс гурав дахь удаагаа өөрчлөх нөхцөл байдал үүсч байна. Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн хүрээ тэлэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Төсвийн сахилга, өрийн хязгаарын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар боллоо.

Увс болон Булган аймгийн ИТХ хуралдаж, хууль ёсны шаардлага тавьж, Засаг дарга нараа огцруулсан. Энэ асуудалд Засгийн газраас хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн учраас бүлгийн хурал дээр асуудлыг ярилцлаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр боллоо. Уг шаардлагад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөхийг, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хуульд нийцүүлэн огцруулж, ажлын долоо хоногт албан бичгээр хариу ирүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ҮХЦ-д өгч, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байна” гэлээ.

Харин Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн “Ерөнхий сайд Н.Учралд нэг зүйлийг сануулъя. Үндсэн хуулиар Ерөнхий сайд бол ард түмний өмнө хууль дээдлэх зарчмыг баримтлах хуулиар хүлээсэн үүрэгтэй хүн. Саяхан мэдээлэл хийхдээ авлига хээл хахуультай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Гэтэл Увс аймагт нүдэн дээр хууль зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдсэн болон ашигласан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасныг баримтаар тогтоон аймгийн ИТХ-ын 62.8 хувиар Засаг даргаа огцруулах шийдвэрийг гаргасан. Гэтэл тэрэнд Ерөнхий сайдын зүгээс “Увс аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй” гэдэг ганц өгүүлбэр хариу ирүүлсэн. Ямар ч хуулийн зүйл заалт байхгүй. Ингэж нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд бүдүүлгээр халдлаа.

Засаг дарга Э.Насанбат хуурамч дипломтой гэх Боловсролын яамны албан ёсны лавлагаа байна. Мөн тэр хүн Техник технологийн их сургуулийг төгсөөгүй гэсэн албан ёсны лавлагаа нь байна. Ийм байхад энэ хүнийг хамгаалж үлдэж байгаа нь харамсалтай.

Нөгөө талаар Засгийн газрын тогтоолоор Ж.Батмөнх дарга асны 100 жилийн ойн арга хэмжээнд 418 сая төгрөгийг төсөвлөсөн. Аймгийн Засаг дарга 20 сая төгрөгөөс дээш төсөл арга хэмжээг зохион байгуулахдаа тендер зарлах ёстой байтал шууд гэрээ байгуулж, хууль зөрчсөн. Асуудал үүсэхээр нь гэрээгээ цуцалж, тендер зарлахдаа нөгөө гэрээ байгуулсан компаниа өөр нэг компанитай түншлэлийн гэрээтэй оруулж ирсэн. Тэгээд асуудал хүндрэхээр гэрээгээ байгуулахгүйгээр 300 сая төгрөгөөр ССАЖЗЯ руу шилжүүлж өгсөн. Тэгээд мөнгө ч байхгүй, хөшөө ч байхгүй Ерөнхий сайд Н.Учралын захирамжийг зөрчсөн байдаг” гэв.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Засгийн газраас Шүгэл үлээгчийн тухай хуулийг Ардчилсан намын шаардлагын дагуу оруулж ирэхээр болсон. Хуралдаанаараа энэ хуулийн төслийг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд хэлэлцэхээр зарласан боловч одоог хүртэл оруулж ирэхгүй байна. Яаралтай энэ хуулийн төслөө оруулж ирээч ээ гэж шаардаж байна. Дарамтлуулж байгаа иргэд чинь тэсгэл алдаж байна шүү. Энэ хуульд төрийн жинхэнэ албан хаагчид дээд удирдлагууддаа дарамтлуулдаг байдлын эсрэг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдгийг оруулах ёстой. Мөн шүгэл үлээсэн жирийн иргэдийг 500 сая төгрөг хүртэлх мөнгөөр дарамталж байгааг яаж зохицуулах вэ. Эрх мэдэлтэй албан тушаалтнуудад 500 сая төгрөг юу ч биш байж болох ч энгийн иргэдэд энэ бол асар их мөнгө. Дэлхийн ардчилал хөгжсөн улс орнуудад энэ хуулийн зохицуулалтыг хийсэн байдаг. Шүүх болон бусад хуулийн байгууллагаар дарамталж, иргэдийн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байгаа маш ноцтой зүйл гэж үздэг. Төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийг дарамталдаг асуудлыг энэ хуулиар хаах ёстой.

Бас өөрсдийг нь шүүмжилсэн төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, дарамталдаг байдлыг таслан зогсоох ёстой. Засгийн газраас нэн яаралтай Шүгэл үлээгчийн тухай хуулиа УИХ-д оруулж ирвэл АН-ын бүлгээс өөрсдийн бэлдсэн зүйл заалтаа нэмж, тусгахаар хүлээж байна.

Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ хуулийг заалтыг огт хэрэгжүүлэхгүй байна. Бид албан бичгээ Засгийн газарт хүргүүлсэн. Аль төрийн байгууллага дэргэдээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна вэ гэдэг жагсаалтыг гаргаж өгөх ёстой. Эхний ээлжинд эдгээр байгууллагаа татан буулгаж, холбогдох хуулийг хэрэгжүүлэх ёстой. Бусад чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээг хийх ёстой юм уу, хэрэв гэрээ хийх ёстой бол юуг хориглож, мэдээлэх ёстой юм бэ. Хаалтын гэрээ нэрийн дор өөрсдийгөө магтан дуулж, бусад асуудлыг нь хаацайлах зорилгоор чөлөөт хэвлэлийг боомилж, дарамталж болохгүй. АН-ын бүлгийн зүгээс энэ хуулийн төслүүд дээр хэрхэн ажиллах вэ гэдгээ бэлдсэн байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn