Засгийн газрын “100 мянган орон сууц” хөтөлбөр эрэлтийг хангаж чадах уу?

Монгол улсад тэр дундаа нийслэл Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд орон сууц олноороо баригдсаар буй. Гэвч тэдгээрийг худалдаж авах бололцоо байранд амьдрах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй биш.

Өнөөгийн байдлаар ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлийг 55 мянган иргэн өгөөд байгаа гэх. Гэхдээ энэ нь давхардсан тоо гэдгийг тогтоосон ба Барилга орон сууцжуулалтын яамнаас нарийвчилсан судалгааг хийж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн эрэлт дээрээ суурилсан төрийн орон сууц, ипотекийн бодлого явж ирсэн учраас энэ удаад эрэлт, нийлүүлэлтээ хоёуланг нь хангаж хөтөлбөр боловсруулсан нь Засгийн газраас зарлаад буй “100 мянган айлын орон сууц” ажээ.

Байр хүссэн 55 мянган хүсэлт яагаад бодитой бус гэхээр орон сууцны зээл авахыг хүсч байгаа иргэн хоёр, гурван банкинд хүсэлтээ өгдөг  учраас давхардсан тоо гардаг гэнэ.

Зургаан хувийн  ипотекийн зээл олголт хэвийн явагдаж байгаа харгаддаг хэдий ч  ихэнх тохиолдолд босгыг нь давж чаддаггүй.

Эдийн засагчид харин орон сууцны үнийн 30 хувийн урьдчилгааг төлөөд ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах боломжтой хүмүүсийн зах зээл ханачихсан гэж үздэг ажээ.   Ипотекийн зургаан хувийн шалгуурыг хангаж,  орон сууц хүсч байгаа хүний тоо цөөрсөн гэсэн үг.

Тиймээс төр орон сууцны бодлого хэрэгжүүлэхээр шийдсэн бол:

  • урьдчилгааны нөхцөлийг хөнгөвчлөх
  • түрээслээд өмчлөх
  • урьдчилгаагүй ипотект хамруулах ёстой гэж олон эдийн засагчид хэлж, сануулж ирсэн.

Тэгвэл Н.Учралын Засгийн газар энэ бүхнийг харгалзан үзээд шинэ хөтөлбөрийг олон нийтэд санал болгоод байна.

Монгол Улсын Засгийн газар “50 мянган яндан буулгах, 100 айлыг орон сууц” үндэсний хөтөлбөр эхэлснийг өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор мэдэгдлээ.

Энэ хөтөлбөр ёсоор төр 40 мянган айлын орон сууц, хувийн компаниуд 60 мянган орон сууцыг 2027-2030 онд барьж, хэрэглэгчдэд хүргэнэ.

Нийслэл хотын гэр хороолол дахь яндангийн тоог 50,000-аар бууруулна.

Энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар 2027 оны улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, зээлийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.

Ипотекийн нийт хугацаа 20 жил, зээл авсан эхний 3 жилд 6 хувь, 4 дэх жилээс эхлэн 12 хувь байхаар тооцсон байна.

Иргэд хүсэлтээ цахимаар гаргаж, мэдээлэлд нь үндэслэн цахим тооцоолуур оноогоор үнэлэх бөгөөд төрийн оролцоогүй, хүний гар орохгүйгээр ил тод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд “Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авахад, дөрвөн сонголт байна хэмээсэн.

  • Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна.
  • Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй.
  • Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.
  • Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг аж. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг.

Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд нь гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn