Япон улс Нөмрөгийн түймрийн дараах байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, түүний үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгааг Элчин сайд Игавахара Масарү онцолсон аж.

Элчин сайд Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөл байдлыг судлан дүгнэхээр хээрийн судалгаанд ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээчдэд талархал илэрхийлж, экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Цаашид хамтын ажиллагааг зөвхөн Нөмрөгийн ДЦГ-аар хязгаарлахгүйгээр байгаль орчны салбарт өргөжүүлэх, харилцаа холбооны салбарын технологи, дэд бүтцийн боломжийг ашиглан байгаль хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn