Европыг “Айдас”-т автуулав: Онгоцонд бөмбөг тавьсан хэмээх сүрдүүлэг ТВ-үүдэд бөмбөг тавьсан хэмээн үргэлжлэв

Энэ 7 хоногийн эхнээс Еврпын улсуудын аюулгүй байдлын албаныхан нүсэр ажилд дарагдаж, онгоцоор зорчиж, нүсэх буудлаар үйлчлүүлж байгаа олон нийт, тухайн компаниудыг айлгаж, ичээх явдал эхэлсэн.

Бөмбөг тавьсан хэмээх энэ анхааруулга Европын улсуудын нисэх буудлууд, онгоцнуудыг нэг бүрчлэн шалгахад хүргэсэн. Түүнээс болж, агаарын тээврийн салбарт ихээхэн саатал, хохирол учраад байна. Хэдий азаар бүх хийсэн шалгалтаар эдгээр нь хуурамч дуудлага байсан ч дараагийн байна Европын ТВ сувгууд боллоо.

Нисэх буудлууд хэвийн ажиллагаандаа орж ядаж байтал телевизүүдэд уг “айдас” үргэлжилж эхэллээ. Одоо л жинхэнэ Европын айдас эхэлж байна.

Халдлага хийнэ гэсэн мэдээлэлд Ryanair, Aer Lingus, Wizz Air, LOT Polish Airlines зэрэг 10 гаруй агаарын тээврийн компанийн 35 гаруй нислэг өртөж, зарим онгоцнууд чиглэлээ өөрчлөх эсвэл яаралтай газардах арга хэмжээ авчээ. Зарим тохиолдолд иргэний агаарын хөлгүүдийг цэргийн сөнөөгч онгоцууд дагалдан хамгаалсан.

Энэхүү бөмбөг тавьсан хэмээн айлгах халдлагад Их Британи, Ирланд, Итали, Испани, Франц, Герман, Польш, Дани, Чех, Болгар зэрэг Европын 16 улсын нисэх буудлууд болон агаарын орон зай өртсөн.

“60 минутын дотор онгоц дэлбэрэх болно” гэсэн утгатай нэргүй цахим захидлуудыг /емайл/ цувралаар илгээснээр ийм байдалд хүргэжээ.

 Албаны хүмүүс үүнийг ердийн нэг тоглоом биш, аялагчдыг сандаргах, эдийн засгийн хохирол учруулах зорилготой зохион байгуулалттай “гибрид ажиллагаа” (мэдээлэл, сэтгэл зүйн дайн) байж болзошгүй хэмээн сэжиглэсэн.

Эдгээр ирсэн захидлуудын зарим нь ОХУ-ын хэт даврагч бүлэглэлийн нэрээр гарын үсэг зурагдсан байсан ч тус бүлэглэлийн зүгээс үүнийг үгүйсгэж, буруутгасан.

Хэдийгаар ганц ч онгоцноос болон буудлаас бөмбөг илрээгүй ч айдас бол хэн бүхэнд үлдсэн.

Нисэхийн аюулгүй байдлын шинжээч Пол Мэйсон ийм төрлийн заналхийлэл олон улсын хэмжээнд зэрэг шахуу бүртгэгдэж байгаа нь ердийн тохиолдол биш бөгөөд санамсаргүй үйлдэл гэхээсээ илүүтэйгээр зохион байгуулалттай байж болзошгүйг онцолсон.

Ингээд л Европын улсуудын аюулгүй байдлын алба болон цагдаагийн байгууллагууд хамтран эдгээр хуурамч дуудлага, цахим сүрдүүлгийн эздийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байлаа.

Гэтэл агаарын тээврийн салбарыг бужигнуулсан “бөмбөг дэлбэрнэ” гэсэн цахим сүрдүүлэг өчигдөр Европын телевизийн сувгуудад айдас хүйдсийг авчирлаа.

Европын хэд хэдэн телевизийн сувагт “цагтай тэсрэх бөмбөг тавьсан” тухай хуурамч сүрдүүлгүүд иржээ. Үүний улмаас тухайн газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, нэвтрүүлгийн хуваариа түр зогсооход хүрчээ.

Ирландын RTE, Британийн Sky, Болгарын хувийн Nova TV зэрэг телевизийн сувгуудад ийм анхааруулга ирсэн болохыг тус байгууллагууд мэдээлжээ. Гэхдээ шалгалтаар аль ч газраас тэсрэх бөмбөг, тэсрэх төхөөрөмж олдоогүй байна. RTE телевиз шалгалтын үеэр нэвтрүүлгүүдийнхээ оронд хөгжим болон урьдчилан бичсэн мэдэгдлийг гурван цаг орчмын турш цацжээ.

Баасан гарагт Nova болон RTE телевизүүдэд ирсэн цахим захидлуудын нэгэнд “Бидний тухай дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна. Тиймээс манай нэг гишүүн танай барилгад тэсрэх төхөөрөмж байрлууллаа. ​​Энэ нь 45 минутын дараа дэлбэрнэ. Цаг явж байна” гэж бичсэн байжээ. Баасан гарагт гарсан энэхүү хуурамч сүрдүүлгийн ард хэн байгаа нь тодорхойгүй байна. RTE болон Nova телевизэд ирсэн захидлуудад “Михаил Андропов” гэсэн нэрээр гарын үсэг зурсан байсан бөгөөд уг захидлыг бичсэн хүн энэ долоо хоногт онгоцны нислэгүүдтэй холбоотой гарсан худал сүрдүүлгүүдийг зохион байгуулсан бүлгийн удирдагчдын нэг гэж өөрийгөө танилцуулсан байна.

Захидалд “Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Энэ долоо хоногт болсон үйл явдал бол ойрын ирээдүйд Европыг хүлээж буй зүйлсийн өчүүхэн хэсэг төдий юм” гэж нэмж бичжээ.

Захидлыг бичсэн гэх хүний ​​овог нь хуучин ЗХУ-ын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Юрий Андроповынхтой ижил байжээ. Цахим захидлын гарчиг “Өрнөдийнхөнд илгээх зурвас” гэсэн утгатай байсан нь Андроповын тухай “Өрнөдийнхөнд тулгарсан шинэ сорилт” (New Challenge to the West) хэмээх намтар номын гарчигтай төстэй байна.

Энэ нь Оросын оролцоотой, эсвэл Москвад буруугаа чихэж, мөрөө буруулах гэсэн оролдлого байж магадгүй харагдаж байгаа юм.

Цагдаа нар RTE телевизийн байранд гурван цаг гаруй хугацаанд үзлэг шалгалт явуулж дууссаны дараа ажилтнууд ажлын байрандаа эргэн иржээ.

Ирландын ерөнхий сайд Михол Мартин агаарын тээвэр болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн эдгээр заналхийллийг хувь хүмүүсийн үйлдэл, эсвэл зохион байгуулалттай халдлагын нэг хэсэг үү гэдгийг Европын аюулгүй байдлын албаныхан хараахан тогтоогоогүй байгааг мэдэгдсэн.

“Энэ нь айдас түгшүүр төрүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой, ердийн бус үйлдлүүдээр дамжуулан нийгмийн хэвийн амьдрал, үйл ажиллагааг алдагдуулж, саад учруулах нь хэр амархан болохыг харуулж байна. Бид тайван байх хэрэгтэй” гэж Мартин хэвлэлд ярьжээ.

Сүүлийн долоо хоногуудад Европын супермаркетуудыг чиглэсэн хакерын халдлагууд дараалан гарсан нь кибер аюулгүй байдалтай холбоотой түгшүүрийг улам нэмэгдүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn