О.Цогтгэрэл: Ерөнхийлөгч өөрийн хөрөнгө орлогын энэ асуудалд цэг тавих ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг тойрч улсаараа хэрэлдэж байна. Хөшигний ард маш олон асуултын тэмдэг байна. Яг үнэндээ 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой. Энэ мөнгийг жил бүр авах байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдгийг тодотгох ёстой.

Яг одоо авч байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэхэд “Рио Тинто” группийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Нэг удаагийн төлбөр Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь нэг зүйл авахаар тохиролцсон байж таарна. Магадгүй үүний цаана Оюутолгой ордын 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөцтэй “Онтре”-гийн тусгай зөвшөөрөлтэй баялаг бүхий ордыг наймаалцсан гэх асуудлыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч талаас одоог хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлж, вэб сайтаараа Монголын талд ногдол ашиг өгнө гэж нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байна. “Онтре”-тэй холбоотой хэлэлцээрийн түвшин ахиж байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр та бүхнийг энэ асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсч байна.

УИХ дахь АН-ын зүгээс энэ асуудалд нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байгаа. Ер нь дэлхий нийтээрээ байгалийн баялгийг ард иргэддээ хүртээх ёстой бол Баялгийн сангаараа дамжуулан хувьцаа болж очдог, хуримтлуулдаг болсон. Ардчилсан намын хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн байгаа. Ер нь авлигажсан төсөл, төсвийг санхүүжүүлэх гэж байсныг АН-ын бүлгээс зогсоож, УИХ-аар хууль хэлэлцүүлэхээр болсон нь сайшаалтай.

Хоёрт, хэвлэлээр Монгол Улсын төрийн тэргүүнтэй холбоотой мэдээлэл их гарч байна. Төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой эргэлзээтэй асуудал гарч байна. Хэрэв Монгол Улсад бүх хүн хууль шүүхийн өмнө ижил, тэгш байх ёстой юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд цэг тавих ёстой. Ардчилсан эрх зүйт төртэй улс мөн бол хуулийн байгууллагууд хариулт өгөх ёстой” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn