С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх нийтийн цахим өргөдөл 100 мянган иргэний санал авсан. 100 иргэний санал гэдэг бол 100 мянган иргэний дуу хоолой, хүсэл, хүлээлт юм. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ анхааралтай сонсож, хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэддээ тэгш, шударга хүртээх зарчмыг маш тодорхой заасан. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой.

Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэг дээр сэтгэлийг хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай, хариуцлагатай хандах ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдсан. Үүнээс хойш үе үеийн улсын их хурал, Засгийн газар үр өгөөжийг монголын ард түмэндээ хүртээх, монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр, тогтоол гаргаж ирсэн.

17 жилийн дараа бид анх удаа ногдол ашгийг авахаар болж байгаа.

2037 онд авах ёстой байсан ногдол ашгийг бүхэл бүтэн 10 жилээр наашлуулсан. Энэ шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Засгийн газарт талархал илэрхийлье. Үүнд Монгол Улсын их хурал, гишүүд, ҮАБЗ, монголын ард түмэн нэг талдаа байж энэ шийдвэрийг гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Одоо бидэнд хоёр чухал ажил үлдэж байна. Нэгэнт амаараа тохирсон ногдол ашгийг албан ёсны гэрээ болгож, яаралтай албажуулж оруулж ирэх ажлыг Засгийн газар хийх ёстой.

Иргэдийн өргөдөл 100 мянган санал хүрсэн. Үүнийг хуулийн дагуу УИХ хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Үүн УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ онцгой анхаарч ажиллаж, хамгийн боломжтой, эдийн засагт ээлтэй, иргэдэд ээлтэй, үр өгөөжтэй, оновчтой, зөв шийдвэр гаргах тал даар байнгын хороод ажлын хэсэг гаргаж яаралтай УИХ-аар оруулж энэ шийдвэрийг гаргацгаая аа” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn