Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын нанчилдаан Засаг дарга Э.Насанбатыг чөлөөлснөөр үргэлжилж байна

Өнгөрсөн шөнө Увс аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, “Хуурамч дипломтой” гэх болон тендерийн асуудалд нэр холбогдсон аймгийн Засаг дарга Э.Насанбатыг чөлөөлжээ. Э.Насанбатыг огцруулах саналыг аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан. Улмаар ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 нь дэмжсэнээр тогтоол батлагдсан байна.

Ерөнхий сайд Н.Учралд аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийг уламжлах бөгөөд Ерөнхий сайд сонсох ажиллагаа явуулж, шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзвэл чөлөөлж, нийцээгүй гэж үзвэл ИТХ-ын тогтоол хүчингүй болно.

Увсын Засаг даргыг огцруулж буй энэ явдлын цаана тус аймгаас УИХ, Засгийн газарт удаа дараа сонгогдож өөрсдийнхөө хөл гарыг  аймгийн удирдлагад байнга өрсөлдүүлж ирсэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нарын тэмцэлтэй холбоотой.

Энэ удаа Ч.Хүрэлбаатарын хүнийг /Э.Насанбат/ Б.Чойжилсүрэнгийн талынхан унагах гэж байгаа асуудал аж. Өмнөх 4 жил буюу 2020-2024 онд Б.Чойжилсүрэнгийн хүмүүс АН-ынхантай хамтарч засаг барьсан. Энэ удаа Ч.Хүрэлбаатарын хүмүүс засаг барьж байна гэж үзээд Засаг даргыг огцруулах гэж байгаа нь энэ.

Энэ нь Засаг даргын орлогч С.Анхбаярын “Засаг даргыг огцруулах асуудал 3 үе шаттай. Одоо 1-р шат дээр явж байна. Сөрөг хүчин ажлаа хийж байна. 2024 онд Чимэдийн Хүрэлбаатар гэж унасан. Одоо Баттогтохын Чойжилсүрэн гэж хүн унах ёстой юм байна. Мөн энэ хоёрыг дагасан над мэтээс эхлээд зайлж байж энэ аймаг, МАН нар үзэх юм байна. Эв нэгдэлгүй байж ард иргэдээ тавгүйцүүлж байгаадаа хүлцэл өчье” хэмээн хэлснээр батлагдана.

Э.Насанбатыг хуурамч дипломтой гэсэн шалтагийг “сэтгүүлч” хэмээх эр зүүсэн нөхрөөр гаргуулсан. Гэхдээ Э.Насанбат шүүхэд хандахаа мэдэгдээд байсан. Гэвч энэ асуудлыг түүнийг огцруулах нэг үндэслэл болгоод улс даяар “шившиглэсэн”. Харин тендерт нэр холбогдсон гэдэг асуудал бол хаа сайгүй байдаг асуудал.

Ингэж л Увсын МАН-ын “бага хаад” таалалдаа нийцэхгүй хүнийг яаж унагаадгийг яруу тод харуулж байна даа. Одоо Э.Насанбатыг чөлөөлөх эсэх Ерөнхий сайд Н.Учралын ямар шийдвэр гаргахтай холбоотой нь мэдээж.

ХУУЛЬ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

64.2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:

64.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;

64.2.4.Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;

64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр.

64.3. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

64.4. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.

64.5. Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.

65 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргад хариуцлага тооцох

65.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.

65.2.Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.

65.3.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

65.3.1.сануулах;

65.3.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.

65.4.Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn