Ц.Сандаг-Очир: Хохирлыг бодитой тогтоохын тулд Нөмрөг рүү нисдэг тэрэг илгээнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Яамны удирдлага болон Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Хуралдаанд ХЗДХ-ийн дэд сайд болон “Мобиком” компанийн төлөөлөл оролцсон. Мөн газар дээр нь ажиллаж байгаа шинжээчид цахимаар холбогдлоо.

Гурван машинтай нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Одоогоор ажиллаж буй газруудад ан амьтдын нягтаршил их байгааг хэлж байна. Мөн газрын бартаа саадаас шалтгаалан нийт газрын 70 орчим хувьд хүрч чадахгүй байгаа тул нисдэг тэрэг хэрэгтэй байгааг уламжилсан. Хил дагуу гэхэд 10 орчим цэг дээр заавал очиж ажиллах шаардлагатай байна. Хохирлыг бодитой гаргахын тулд бүх цэгт хүрч ажиллах нь чухал.

Иймд ОБЕГ-ийн аврах зориулалттай, нисэх багийн бүрэлдэхүүнээс гадна 3-4 хүний багтаамжтай жижиг онгоцыг маргааш Нөмрөг рүү илгээхээр шийдвэрлэлээ.

Шаардлагатай цэгт хүрэхэд Хэнтий, Дорнод, Халхгол гэхчилэн 3-4 удаа цэнэглэх ёстой ч одоогоор Дорнод аймгийн төв, Халхгол суманд онгоцны түлш байхгүй байна. Өнөөдөртөө багтааж түлш гаргана, маргааштаа багтааж шаардлагатай нисдэг тэргийг илгээнэ. Мөн хохирол тогтоох дүгнэлт шүүх дээр асуудал очиход нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой тул мэргэжлийн байгууллагуудас хүн нэмж гаргах эсэхийг судлахаар болсон. Шүүх шинжилгээний байгууллагаас энэ асуудлаар өнөөдөртөө багтаж хариу өгнө” хэмээсэн юм.

Ц.Сандаг-Очир мөн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа ийн онцолсон. Тухайлахад,  “Олон нийтийн сүлжээгээр явж байгаа дүрс бол 2023 оны Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гал түмрийн зураг. Газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдийн өгч буй мэдээллээр одоогоор галд шатаж үхсэн ан амьтан таараагүй. Хүн хүрч амжаагүй газарт нөхцөл ямар байгааг мэдэхгүй.

Одоогоор хэдий хэр хэмжээний ан амьтан хил давж дайжсаныг мэдэхгүй боломжгүй байгаа. Сүүлийн 20-иод жилд амьтдын судалгаа хийгдээгүй. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор, нэн ховор амьтдын судалгааг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мобикомын хуулийн газрын дарга хуралд оролцсон. Тус байгууллагаас шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Эхний ээжлинд төрөөс нөөц бололцооны хэмжээнд арга хэмжээ авна. Гарч байгаа зардлыг хохиролд тооцож дараа нь нэхэмжлэлээр тооцно.

Тусгай хамгаалалтын захиргаанаас нэвтрэх хураамж, зөвшөөрөл аваагүй гэдгийг Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга Д.Наранбаатар хэлж байгаа. Харин тухайн хилийн ангиас зөвшөөрөл авсан гэдгийг хошууч генерал н.Бямбасүрэн хэллээ. Ер нь бол Тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөл авах ёстой. Хууль хяналтын байгууллага шалгаад явна” гэж байлаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn