Б.Мөнхтамир: БНХАУ болон БНСУ зэрэг гуравдагч улсаас АИ-92 автобензин оруулж ирэх хэлцлүүд хийгдэж байгаа

АҮЭБЯ-наас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир: “Нийт ЦЕГ-т 786 дуудлага, мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72, зөрчлийг урьдчилан сэргийлж, таслан зогсоосон 159 мэдээлэл байна.

Үүнээс хэрүүл маргаантай холбоотой 431, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг дамлан зарсан 23 тохиолдол гарсан байна. Эдгээр тохиолдол бүрд ЦЕГ зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд нэн ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан зарах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдийн гомдол, мэдээллийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар буюу 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний үлдэгдэл 22 мянган тонн буюу 90 хоногийн хэрэглээ, АИ-95 автобензиний үлдэгдэл 2,079 тонн буюу 17 хоногийн хэрэглээ, дизель түлшний үлдэгдэл 108 мянган тонн буюу 27 хоногийн хэрэглээ, онгоцны түлшний үлдэгдэл 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй байна.

Үндсэндээ хойд болон урд хөрш, гуравдагч улсуудаас 2026 оны аравдугаар сард нийлүүлэх шатахууны нийт хэмжээ 78 мянган тонн байна. Үүнээс АИ-92 автобензин 38 мянган тонн нь өнөөдрийн байдлаар орж ирсэн бөгөөд бусад шатахуун тээвэрлэлтээр замд явж байна.

Ерөнхийдөө шатахууны хэрэглээ ердийн үеийн хэвийн хэрэглээтэй дүйцэж байна. Ойрын хугацаанд БНХАУ болон БНСУ зэрэг гуравдагч улсаас АИ-92 автобензин оруулж ирэх хэлцлүүд хийгдэж байгаа. Энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар хэлэлцээний ажлууд үргэлжилж байна. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр ажиллаж байна.

Хоёрдугаарт, Монополын эсрэг газар гуравдагч улсаас импортолж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөнтэй холбоотой асуудлыг шалгаж байна. Арав хоногийн өмнөх Шуурхай штабын хуралдаанаар аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг шалгах үүрэг өгсөн.

Гуравдугаарт, иргэд, олон нийтийн дунд шатахууны хангамжтай холбоотой мэдээлэл нээлттэй бус байгаагаас бухимдал үүсэж байна. Тухайлбал, аль шатахуун түгээх станцад ямар төрлийн шатахуун олгож байгаа талаарх мэдээлэл нээлттэй биш байна гэсэн гомдол иргэдээс гарч байгаа.

Үүнтэй холбоотойгоор АМГТГ-ын дотоодын шатахууны менежментийн системийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй “Benzin.mn”-ийг аппликейшнтэй холбох ажлыг хийсэн. Ингэснээр шатахууны талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх боломж бүрдэж байна. Шатахуунтай мөртлөө шатахуун олгохгүй байгаа станцуудыг станцууд дээр алхаж очоод шалгалт хийх боломжтой болж байна” гэлээ.

Харин Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа: “Өмнөх Шуурхай штабын хуралдаанаас шатахуун борлуулдаг аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг нэмсэн шалтгаан, нөхцөлийг шалгах үүрэг өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Урьдчилсан байдлаар шатахууны үнэ өссөн асуудал нь өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар шатахууны үнэ өсөж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Монголчууд олон улсын биржээс үнээ тогтоож шатахуун авч байгаатай холбогдуулан есдүгээр сард нэг тонн АИ-92 автобензинийг 873 ам.доллараар авдаг байсан бол аравдугаар сард нэг тонныг нь 1,063 ам.доллараар авч байгаа. Өөрөөр хэлбэл, 11.8 хувийн өсөлттэй үнээр импортолж байна.

Иймээс шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан нь импортын үнэ өссөнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” хэмээв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn