Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт арав, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, таван аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу явуулжээ.
Мөн зургаан дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй аж.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны оршин суугч 40 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөн харамсалтайгаар амиа алдсан бол 55 настай эмэгтэй өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байгаа бөгөөд сэрэмжлүүлэг хүргэхээс гадна шуурхай мэдээлэл хүлээн авах 117 дугаарын утсыг ажиллуулж байна. Иргэд суурьшлын бүс болон бусад газарт баавгай үзэгдсэн тохиолдолд тус дугаарт мэдээлэл өгөх ёстой юм.
