Өчигдөр УИХ-ын чуулганаар “Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулсан,
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 47 хувиар татгалзсан ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн горимын санал гаргаж,”Төхөөрөмж гацсан. Санал хураалтыг хүчингүй болгож, дахин явуулах” санал гаргасан. Гэвч уг горимын санал бас л дэмжигдээгүй.
Уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг илтгэлээ танилцуулж, гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авсан.
Түүний боловсруулсан хуульд Монгол орны цаг уурын онцлог байдалтай хамааралтай дулааны эрчим хүчний хэрэглээ өндөр, хүн ам, аж үйлдвэр, үйлчилгээний дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал нь стратегийн чухал асуудал тул дулаан хангамжийн харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа аж.
Эрчим хүчний тухай хууль 24 жилийн хугацаанд мөрдөгдөхдөө нийт 15 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 174 заалт буюу 53 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Хууль санаачлагч танилцуулгадаа, анхдагч хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй байсан. Хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг “хуулиас давсан” 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төсөл боловсруулахад хүргэсэн гэлээ.
Тэгвэл шинэ дулаан хангамжийн тухай хуулийн төсөл нь нийт 12 бүлэг, 66 зүйлтэй, дулаан хангамжийн салбарын төрийн бодлого, төрийн болон зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг, дулаан хангамжийн систем, ангилал, дулаан хангамжийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, дулааны сүлжээний холболт, дулааны тоолуур, тоолуурын систем, хэрэглэгчийн гэрээ, дулааны үнэ тарифын зохицуулалт, салбарын техник технологийн шаардлага, хяналт шалгалт зэрэг асуудлуудыг хамарсан, нарийвчилсан зохицуулалттай аж. Түүнчлэн, нэгдмэл сүлжээнээс гадна тархмал эх үүсгүүрийг бий болгоход бодлогын дэмжлэгийг үзүүлснээр иргэнийг хямд, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, дулааны үнэ тарифыг тодорхойлох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, дулаанд холбогдох техникийн нөхцөл, сүлжээнд холбох шалгуурыг хялбаршуулж, хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдох нөхцөлийг уян хатан болгох зохицуулалтыг тусгажээ.
Дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг хуулийн хувьд нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулалтууд орсон байна. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн дээр хэрэглэгч хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэх аж.
Хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрлийг тодорхой болгоно. Ингэснээр улс, орон нутгийн хэмжээнд дулаан хангамжийн бодлогыг үр дүнтэй тодорхойлон хэрэгжүүлж, үр дүнд нь иргэд найдвартай дулаан хангамжийг зохистой үнээр худалдан авч, дулааны салбарын тэнцвэртэй, тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөө үзүүлнэ хэмээн М.Энхцэцэг гишүүн танилцуулсан.
Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Номинчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн дутагдлаас гарах эсэх, дулааны тоолууртай болсноор алдагдлыг хэрхэн бууруулах, үнэ тарифын өсөлтийг зохицуулсан талаар илүүтэй лавлаж байсан юм.
