Хөшөө тийш одох ардын зам балрахгүй…

Өчигдөр уламжлал ёсоор Төв шуудангийн өмнөх замаар явлаа. Гэтэл С.Зориг агсны ордон өөд алхаж яваагаар баригдсан домогт хөшөө алга болчиж. Гайхаад тойрч хартал сууриных нь цемент л байна. Гэтэл МОАХ-ны байрны өмнө шилжүүлсэн нь тэр аж.

Гэхдээ С.Зориг агсан манай 220-ын хүүхэд яг энэ замаараа Их сургууль, дараа нь ардчиллын удирдагч, тэгээд сайд гишүүн болоод ч байнга явдаг байсан зам нь. Тиймээс л гайхаад байгаа хэрэг. 1998 оны 10 дугаар сарын 2-ны тэр бурангуй, хар өдрөөс хойш “алхан явж байсан замыг нь билгэдэж”  чухам энэ газарт хөшөөг нь босгосон гэж сонсож байсан билээ. Гэвч хөшөөг “нүүлгэсэн л” байна. Өмнө нь тэр хөшөөний урд талын байр “Шинэ дэвшилт холбоо”-ных гэж сонсож л байсан.

“Халзан” гэгддэг Да.Ганболд гээч эрхэм “эзэн нь юмаа мэднэ. эрэг нь усаа хашна” гэж байсныг нь бас хоёр жилийн өмнө сонсож л байсан. Гэвч тэр цагт хөшөө болсон хүнийг маань нүүлгэж чадаагүй л юмдаг. Гэтэл “нүүлгэж” л орхиж. Манай хотын дарга хүү уг нь 220-ынх л юм гэсэн. С.Зориг агсаныг нүүлгэхийг зөвшөөрсөн  юм байх даа.

Учрыг ухвал Шинэ дэвшилт холбооны хэмээх 3 давхар байрыг “Халзан” хэмээдэг Да.Ганболд миний өмч буулгаж өндөр “товер” барина гэснийг нь “хуучин удирдагч”-д Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар зөвшөөрөхгүй байсан ч тэднийг албан тушаалаас бууснаас хойш иймд хүрч байгаа хэрэг бололтой. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авна” гэж байсан ч аваагүй байсан бололтой.

Энэ дундуур манай АН-ынхан “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр тээр хойно С.Зориг агсны хөшөөг зөөсөн нь буруу байсан бла, бла гэлцэнэ. АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Нийслэлийн намын хорооны дарга Б.Ган-Очир тэргүүтнүүд.

Гэвч хотын төвд, “А” цэгийн хажууд товер бариулж, асар ихийг олох “шунал”-тай Да.Ганболд нарт бол хөшөө ч тэр, байр ч тэр түүхийн дурсгал байх нь огтоос хамаагүй нь тодорхой. Нэгэнтээ Х.Чойбалсангийн оршиж байсан байр гэхээр буулгахаас нааш санаа нь амрахгүй хүн хэмээн Да.Ганболдын гарлын талар бичих нөхдүүд баталсаар.

Гэвч тэдний хэл ам билүүдэлт хожимдож, С.Зориг агсныг хэдийн нүүлгэчихжээ.

Ийнхүү С.Зориг агсныг хөнөөсөн, түүгээр зогсохгүй хөшөөнийх нь хөлийг гинжилж байсан эцэст нь хотын “А” цэгээс нүүлгэлээ. Гэвч С.Зоригийн үзэл санаа үүрдийнх, олон хүний зүрх сэтгэлд үүрд хадаастай учраас мөхөшгүй юм.

Уг нь манай С.Зориг гурван зарчмаа урдаа бариад л эндээ “явж” байсан бол илүү олонд хүрч байхсан. Эдүгээ 11 дүгээр хороололд хувьд шахуу очсон МоАХ-ны хашаа буюу “Женко” хэмээх Х.Баттулгын эзэмшлийн хашаа хороонд очиж дээ хөөрхий минь.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn