Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзаж, ажилтай нь танилцжээ.
Учир нь Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аян зохион байгуулахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан гэнэ.
Эхний ээлжинд Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг долоон сумын 866 км газар нутгийг хамруулан цэвэрлэжээ.
Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан байна.
Дараагийн үе шатыг энэ сарын сүүлээр Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ.
Ерөнхийлөгч цэвэрлэгээ хийсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төв байгуулж, нуурын усны чанар, экосистемийн тэнцвэрийг хадгалахад тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлох ажил эхэлснийг дурдлаа.
Цаашид Хөвсгөл нуурыг тойрсон сумдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг судалгааны үр дүнтэй уялдуулан боловсруулж батлуулснаар газар ашиглалт, газар олголт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар
