АН дахь бүлэглэлийн “зодоон” арай л ширүүн болжээ

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны 69 дэх хурал болно. Энэ хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх болон АН-ын таван дэд даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэнэ.

Улс төрийн намын хувьд байнгын төв цэг, “гал тогоо” байдаг учраас   Ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсекийн суудалд хэнийг суулгах вэ гэдэг тус намынханд хамгийн чухал байна.

Фракцийн суурьтай буюу олон нам, хөдөлгөөн нэгдэн нийлж байгуулсан намын хувьд АН-д албан тушаалын зодоон буюу зовлон огт салалгүй явж ирсэн.

Тэгэхдээ энэ удаагийнх арай ч дээ гэмээр ширүүн байна. Учир нь АН доторх зарим бүлэг, фракц бусадтайгаа нэг намд битгий хэл нэг улс оронд амьдрах арагүй болсон нь харагдаж байна.

23 насанд АИХ, УБХ-д сонгогдож явсан С.Баярцогт УИХ-ын гишүүн, Дэд дарга, Сангийн сайд, хоёр ч ЗГ-ын ХЭГ-ын дарга хийж байсан туршлагатай төрийн зүтгэлтэн болсон хүн.

Манай ардчилал эхэлснээс хойших 36 жилд тэр байсан учир олонд “хөгшин” мэт харагдах. Гэхдээ тэр 60 ч хүрээгүй залуу хүн.

Оюутолгойн гэрээг хийсэн багийн нэгэн учраас түүнийг эсрэг тал нь байнга яллаж ирсэн. Хэдий Оюутолгойн гэрээг байнга муулах ч уг гэрээний ачаар Монгол улсын төсвөөс эхлээд бүхий л нийгэм, эдийн засгийн өсөлтүүд гарсан нь ойлгомжтой юм.

Ардын үгэнд “Бүгдээрээ ярилцвал буруугүй

Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг ч манай улстөрийнхөн огт хайхаралгүй явж ирсний харгайгаар өнөөдөр нэгнийхээ амьсгалж буй агаараар хүртэл амьсгалахад хэцүү болж, боож үхэхэд нь бор шидмэс дутуу гэгч болцгоох болж дээ.

Одон хүн, олон гишүүд цуглуулж хуралдвал яаж ийгээд баяр ёслол мэт болгочихдог, сайн муугаа огт ярихаа больсон нь манай намуудыг ийм байдалд хүргэлээ.

Эсрэг талынхан буюу “Женко” хэмээх Х.Баттулга нарын хувьд С.Баярцогт бол одоо л дарж авахгүй бол бүхнийг нь идчих бирд мэт.

Энэ удаа хоёр талынхан нэг нэгэндээ баахан хаалт боолт тавьж гарах нь дээ. Үүнийг өнгөрсөн өдрүүдэд баталж орхилоо.

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Женкогийн фракцын Х.Тэмүжинг болгох саналыг О.Цогтгэрэл дарга нь гаргасан ч Б.Пүрэвдорж нар санал гаргаад хойшлуулчихлаа.

Гэтэл Улстөрийн Зөвлөл байгуулсан тогтоолоо намын анхны Хяналтын Ерөнхий хороо нь хүчингүй болгочихов. Ингэснээр С.Баярцогтыг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч болгосон болон бусад шийдвэрүүд бүгд хүчингүй болсон хэмээн зарлалаа.

Одоо тэгвэл яах вэ. АН-ын өнөөдрийн ҮБХ-ноос дахин Улстөрийн Зөвлөлөө сонгож байгуулах уу. С.Баярцогтыг тус хурлаас сонгох уу.

Сонголоо гэхэд ХЕХ нь дахин хүчингүй болгочих юм биш биз. ХЕХ нь яагаад ингээд байна гэхээр намынхаа ҮБХ-нд олонхи болж авсан фракцууд ХЕХ-г хайхралгүй орхисон нь алдаа болж. ХЕХ-нд Х.Баттулгын фракцийнхан олноороо орж чадсан байна.

З.Энхболд БНУ уншуулахаасаа өмнө ХЕХ-ны дарга болоод байсан ч нэгэнт хорих ял авсан учир Ш.Түвдэндорж дарга нь болж. Тиймээс л С.Баярцогтыг сонгуулахгүй байх болохгүй бол ХЕХ-гоор унагах нь ойлгомжтой байна.

Тиймээс АН-ын ҮБХ-ны хурал нэлээд амьсгаа өндөр болох нь.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn