А.Баяр НИТХ-ын даргын албаа Д.Ихбаярт хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, шинэ даргатай болгох ажиллагаа бүтэн долоо хоног үргэлжиллээ. Х.Нямбаатар хүчтэйгээ харуулж, Э.Бат-Амгалан сайдын хүн гэгддэг А.Баярыг ийнхүү солилоо. А.Баярын хувьд огцорсоноо хүлээн зөвшөөрөхгүй, тамгаа өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Харин МАН-ын Удирдах Зөвлөл өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилохыг дэмжсэнээр тэр албан ёсоор томилогдсон. Тэгвэл өнөөдөр А.Баяр Д.Ихбаярт ажлаа хүлээлгэн өгөхөө илэрхийлж, өөрийн 1.6 жил НИТХ-ын дарга хийсэн үед Нийслэл хотод хэрэгжсэн ажлуудыг дурдан ярьлаа.

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) даргын ажлын тайлан болон үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн уг мэдэгдлийн гол хэсгүүдийг дурдая.

1. Түгжрэлийг бууруулах чиглэлээр:

  • Нийтийн тээвэр: 1-р эгнээг чөлөөлснөөр автобусны дундаж хурд 7 км/цагаас 12 км/цаг болж өссөн. Зорчигчдын тоо 40 хувиар нэмэгджээ.

  • Замын хөдөлгөөн: 17 байршилд баруун эргэлтийг чөлөөтэй болгож, нэвтрүүлэх чадварыг 30 хувиар нэмэгдүүлсэн.

  • Дэд бүтэц: Нарны гүүр, Гурвалжингийн гүүр, Ар Зайсангийн авто зам зэрэг томоохон төслүүдийг эрэмбэлж, эхлүүлсэн.

  • Бичил тээвэр: Скүүтер, мопедыг “Imongolia”-тай холбож, насны хязгаар тогтоон (16+), зогсоолын цэгүүдтэй болгосон.

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  • Тоон үзүүлэлт: 2025 онд авлигын хэрэг 30 хувиар, 2026 оны эхний улиралд хулгайн гэмт хэрэг 32 хувиар буурсан.

  • Камержуулалт: 9 дүүргийг бүрэн камержуулж, ААН-үүдийн камерыг нэгдсэн сүлжээнд холбох ажил үргэлжилж байна.

  • Хүүхэд хамгаалал: “Сурронгүй сургууль” аян болон сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарсан.

3. Боловсрол, соён гэгээрэл:

  • “Монгол хүн”, “Төрийн далбаа мандуулах”, “Эх оронч сурагч” болон “Empathy education” зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан залуу үеийн хүмүүжил, хандлагад анхаарч ажилласан.

4. Гамшгийн эрсдэлийн удирдлага:

  • Нэгдсэн шуурхай удирдлагын төв: Технологийн тусламжтайгаар гал түймэр болон гамшгийг эрт илрүүлэх систем нэвтрүүлсэн. Ингэснээр дуудлагад очих хугацааг 8-12 минут болгож богиносгохоор зорьжээ.

А.Баяр НИТХ-ын дарга ажлаа өгөхдөө “Мега төслийг дэмжинэ, мега хулгайг дэмжихгүй” хэмээгээд, Д.Ихбаярт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.  Тэрээр цаашид Төлөөлөгчийн хувиар иргэдийн дуу хоолой болохоо мөн илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn