Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учрал нэгэн судалгааны дүнг танилцуулсан.
Тэр нь Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт байлаа.
Бүр социализмын үед 1970-аад онд Эгийн голд Усан цахилгаан станц барих төсөл яригдаж эхэлсэн. Тэр үед л анхны судалгаа, санаачилгууд яригдаж эхэлсэн аж.
Харин 1990-ээд оны эхээр Монгол улсын Засгийн газар энэхүү төслийг хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байлаа. Тэр үед Техник эдийн засгийн үндэслэлийг нь хийгээд бүр УЦС баригдах газар болон тухайн бүс нутагт нь байх түүх соёлын дурсгалуудыг нь Францын талын санхүүжилтээр судлаад цэгцэлж эхэлсэн байдаг юм.
Гэвч 300 гаруй сая ам.долларын өртөгтэй хэмээж байсан уг станц түүнээс хойш хориод Засгийн нүүр үзсэн ч хөдөлсөнгүй. Үүний гадаад шалтгаан нь ОХУ хэрвээ станц баривал Байгаль нуурын экосистемд хор нөлөөтэй хэмээдэг байсан. Харин дотоодод бол улстөржилтөөс гадна манай төр засгийн эрх баригчдын төлөвлөгөөгүй бодлоготой холбоотой юм.
1996 онд АХ эвсэл сонгуульд ялан гарч ирээд Ерөнхий сайд болсон М.Энхсайхан уг төслийг хэрэгжүүлэх гэж байсан Малайзийн талыг шахан гаргаж оронд нь Чехийн хэн ч танихгүй “Техно Арт” компанийг оруулж ирэхээр хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Түүнийг нь талийгаач С.Зориг нар судлаж үзээд луйвар гэж тогтоогоод бөөн хэл ам болж байлаа. Тиймээс С.Зориг агсныг хөнөөгдсөний дараа Эгийн голын УЦС-аас болж хөнөөгдөв үү гэх асуудал хүртэл гарч байсан юм. АХ эвслийн дараагийн гурван Засгийн газарт бол уг асуудлаар хөөцөлдөх боломж байгаагүй.
Н.Энхбаярын Засгийн газар ч уг асуудлыг авч үзэж ажил хэрэг болгох санаачлага гаргаагүй, бас хөрөнгө мөнгө ч босгох хэцүү байсан байх.
Харин 2006 онд Эв нэгдлийн хэмээх М.Энхболдын Засгийн газарт ТЭХ-ий сайдын албыг хашшж байсан Б.Эрдэнэбат БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр уг станцыг бариулахаар нэлээд гүйсэн юмдаг. Гэвч уг зээл нь ч тэгж авсаархан бүтээгүй ба уг санааг нь Засгийн газар нь идэвхтэй дэмжээгүй.
Ингээд С.Баярын Засгийн газарт ТЭХ-ий сайдын албанд тохоон томилогдсон Ч.Хүрэлбаатар зээлийг өөр зориулалтаар зарцуулах болгосон ба Эгийн голд УЦС барих төслийг манай яам дэмжихгүй гэж мэдэгдсэн юм.
Энэ хүрээд Эгийн голын УЦС-ын төсөл хойш ухарч сонсогдохоо байсан.
Хэдэн жилийн дараа “Монголын эрчим хүч-2011: Бодлого, хөрөнгө оруулалт- Технологи” сэдэвт чуулга уулзалт болсон. Түүгээр манай төр засгийнхан эрчим хүчний төслүүдээ гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулсан ба энэ дунд алдарт Эгийн голын УЦС төсөл багтсан юм. Тэр үед ЭБЭХ-ий дэд сайдын алба хашиж байсан Т.Энхтайван л уг станцыг барих хэрэгтэй гэж ганц нэг дуугарч байсан юмдаг. Харьцангуй мэргэжлийн хүний хувьд асуудлыг арай л бодитойгоор авч үзсэн хэрэг байх.
Ингэж явсаар 2013 онд Засгийн газраас Эгийн голын УЦС-ыг барих шийдвэрийг дахин албан ёсоор гаргасан ба 2014 онд төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г шинэчлэн боловсруулсан. Энэхүү ТЭЗҮ-гээр 315 мвт-ын хүчин чадалтай байхаар тооцож төсөвт өртгийг нь 827.6 сая ам.доллар гэж тооцсон.
Энэ сацуу Монгол улсын түүх, археологийн судлаачид дахин уг УЦС баригдах талбайд судалгаа шинжилгээ, малтлагын ажлыг хийсэн.
2024 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байдаг.
Ингээд сүүлийн хоёр жил 2005-2006 онд Монгол-Оросын экосистемийн үнэлгээ, мөн ЮНЕСКО-гийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлууд хийгдэж байгаа юм.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийн гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрчээ.
Уг нь Эгийн голын УЦС-ийн төсөл хэрэгжсэнээр Монгол улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангаж, ОХУ-аас импортолдог эрчим хүчний зардлыг бууруулах, оргил ачааллыг зохицуулах ач холбогдолтой гэж үздэг.
Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод байна.
Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.
