Монгол Улсын Засгийн газар ирэх 2027 онд Оюутолгойгоос 3 их наядын ногдол ашиг авахаар болсон тухай сүүлийн хоёр сар яригдаж байгаа.
Ногдол ашиг авах хугацаа 2037 он байсан ч 10 жилээр наашлуулж чадсан хэмээн Засгийн газраас мэдэгдсэн. Мөн авах боломжтой 3 их наядын нэг их наядыг нь иргэдийн хуримтлалын санд хийгээд үлдсэн хоёр их наядаар нь эрчим хүчний асуудлаас эхлээд 52 төсөл хөтөлбөрт зарцуулах санал гаргасан.
Ирэх 2027 оны улсын төсөвт уг саналыг тусгаж, улмаар иргэдээс яг юунд зарцуулах тухай саналыг нь авч эхэлсэн ч, дэмжлэг бага байсан учир Засгийн газраас саналаа буцаан татсан.
Үүнтэй зэрэгцээд эсрэг талд Оюутолгой ордын Онтрегийн гэх хоёр лицензийг “Рио Тинто” компанид шилжүүлэх тохироотойгоор ногдол ашиг авах гэж байна гэх хардлагыг зарим хүмүүс гаргаж ирсэн. Түүнийг УИХ-ын гишүүн ч дэмжсэн. Тэгвэл ямар нэг тийм тохиролцоо байхгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны баасан гаригийн УИХ-ын асуулгын цаг дээр хэлсэн.
УИХ дахь цөөнхийн буюу АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Оюутолгойн 3 их наяд төгрөгний ногдол ашгийг авна гэж төлөвлөсөн. Байнгын хорооны хурал дээр Сангийн яамнаас холбогдох тохиролцоог хийж байгаа гэж мэдэгдсэн. Энэ 3 их наяд төгрөг Монгол улсад зайлшгүй орох эрхзүйн баталгаатай юмуу. Эсвэл хэлэлцээрийн үр дүнд орно гэж бодож байгаа юмуу. Мөн хүмүүсийн хардлагаар бол Онтрегийн хоёр лицензийн төлбөр ороод ирсэн. Энэ хоёр лицензийн төлбөр биш юмуу гэх хардлага байгаа. Энэ хоёр лицензийн асуудал УИХ дээр орж ирэх ёстой. УИХ дээр орж ирээгүй байгаа учир энэ хэлцлүүд явагдаагүй гэж үзэж байна. Энэ асуудлын талаар Ерөнхий сайдаас албан ёсоор сонсчихьё гэж бодож байна хэмээн асуусан.
Ерөнхий сайд Н.Учрал “Онтре”-гийн лицензтэй холбоотой асуудал бол УИХ-ын бүрэн эрх. Шилжүүлэх эсэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ нь Стратегийн ордод хамаарна. Засгийн газарт бүрэн эрх нь байхгүй. Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Онтрегийн лиценз шилжүүлсэн, үгүй гэж ярьж байх шиг байна. Та бол өөрөө мэргэшсэн санхүүгийн хүн. 2019 онд бид татварын системдээ өөрчлөлт хийсэн. Хувийн компаниуд өөрсдөө цахимаар нэхэмжлэл үүсгээд татвар төлдөг. Оны эцэст илүү гарсан татвар байвал буцаан шилжүүлдэг хуультай. Би хууль давсан үүрэг чиглэл татварынханд өгч болохгүй. Хуулийнхаа хүрээнд оны төгсгөлд татвараа аваад, илүү гарсныг нь буцаагаад тэр байгууллага руу шилжүүлнэ.
Засгийн газар лицензтэй холбоотой ямар ч үүрэг хүлээгээгүйг би хариуцлагтайгаар хэлье. Харин 10 жилийн дараа авахаар байсан ногдол ашигийг ирэх онд авахаар болсон. Сүүлд хөрөнгө оруулагч талын гүйцэтгэх захирал Монголд ирэхэд бид хэлэлцээр ч хийсэн, би өөрөө тэр хүнтэй уулзсан. Ингээд тэр хүн өөрөө “Ирэх жил ногдол ашгийг өгөхөө баталгаажуулж байна” гэсэн. Ногдол ашиг авахыг бол эцэслэн тохирсон, харин тоогоо бол эцэслээгүй хэлэлцж байна” хэмээсэн юм.
