“Айчи Нагоя 2026” Азийн пара наадам: Монголын тамирчид эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Айчи Нагоя 2026” Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт албан ёсоор эхэлж, наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 гишүүн орны 2,590 тамирчин спортын 19 төрлөөр 489 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Наадмын нээлтэд Японы эзэн хаан Нарүхито оролцож, наадам нээж, Японы паралимпын аварга, медальтнууд галт бамбарыг асаасан.

Монгол Улсаа төлөөлөн нийт 45 тамирчин арлын орныг зорьсон. Тэгвэл өчигдөр наадмын албан ёсны эхний өдөр баг тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

У.Сүрэнжав алтан медаль

Пара таеквондогийн -52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Парисын паралимпын аварга У.Сүрэнжав түрүүллээ. 26 настай тэрбээр эхний шатандаа Индонезийн Риа Юлиантиг, хагас шигшээд Хятадын Шао Чианыг улмаар финалд Узбекистаны Умида Мамараджабоваг тус тус ялжээ.

Х.Темирбек хүрэл медаль

Мөн пара таеквондогийн төрөлд Х.Темирбек хүрэл медаль хүртсэн. 24 настай залуугийн хувьд эхний шатандаа Ираны Мохаммадтаха Хассанпурт ялагдсан ч дагах тулаандаа Афганистаны Али Сажад Хамразыг ялж, хүрэл медалийн төлөө Японы Мицүяа Танакаг ялжээ.

Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль

Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. 24 настай тэрбээр эхний тойрогтоо Индонезийн Новиа Ларассатиг, хагас шигшээд Казахстаны Тлеккабыл Альфияаг тус тус ялж, мөнгөн медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, финалд Японы Шизүка Хангаид дийлдсэн юм.

Эхний өдөр хүртсэн гурван медалийнхаа чанар, тоогоор Монголын тамирчид багийн дүнгээр аравдугаар байранд явж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn