Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 22 мянган тонн буюу 10 хоногийн, АИ-95 бензин 2,079 тонн буюу 17 хоногийн, дизель түлш 108 мянган тонн буюу 27 хоногийн, онгоцны түлш 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.
Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс одоогоор 38 мянган тонн нь нийлүүлэгджээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн нийлүүлэлтийн 48.7 хувь нь ирээд байна. АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа аж.
Ашигт малтмал, газрын тосны газрын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрдсэн.
Ингэснээр тухайн ШТС шатахуун хэзээ хүлээн авсан, ямар төрлийн шатахуун олгож байгаа болон оочер дарааллын мэдээллийг цахимаар харах боломжтой гэдгийг мэдээлж байна.
