Ч.Хишигдалай: Батлагдсан татан авалтыг хийж чадвал АИ-92 нийлүүлэлт хэвийн болно

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

АҮЭБЯ-ны Газрын дарга Ч.Хишигдалай “Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улс 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн. Үүний 64 мянган орчим тонн АИ-92 автобинзен байсан бол үлдсэн нь дизель түлш байлаа. Монгол Улс сард дунжаар 230 орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний 65 хувь нь дизель түлш, 35 хувь нь автобинзен байна.

Харин өнгөрсөн сарын импортын нөхцөл байдлыг харахад энгийн үед хэрэглэдэг автобинзен 65 хувийг импортолж оруулж иржээ. Харин 2025 оны 10, 11 дүгээр саруудад үүссэн шатахууны хомсдолын улмаас хэрэглээ нэмэгдсэн. Өнгөрсөн онд Монгол Улс 75 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж байхад ШТС-уудын дараалал тасрахгүй байсан. Энэ есдүгээр сард 65 мянган тонн импортолсон ч дараалал ихтэй байгаа үед зах зээлд 10 орчим мянган тонны дутагдалтай байсан.

Энэ аравдугаар сард газрын тосны бүтээгдэхүүн ОХУ-аас импортлохоор 60 орчим тонны захиалга өгсөн. Харин БНХАУ-аас 8000 тонны захиалга өгч баталгаажуулсан. Улмаар БНСУ, Сингапур улсаас далайгаар дамжуулан тодорхой хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн захиална.

Мөн аравдугаар сарын дундаас нэмэлтээр газрын тосны бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ бүх захилгыг тооцож үзэхээр нийт 77 мянган тонн импортлохоор захиалга өгч баталгаажуулсан байгаа юм. Энэ сард батлагдсан хуваарийн дагуу татан авалтыг амжилттай зохион байгуулж чадвал АИ-92 автобинзений нийлүүлэлт хэвийн болно гэж үзсэн.

Энэ сард өвлийн дизель түлшний шилжилт явагддаг учир өнгөрсөн саруудад авсан дизель түлшнийхээ нөөцийг хэрэглэж дуусах ёстой. Тэгж байж өвлийн дизель түлшийг оруулж ирэх юм. Энэ хүрээнд ОХУ-аас 160 мянга орчим дизель түлш авахаар захиалгаа өгч баталгаажуулснаас гадна БНХАУ-аас 10 гаруй мянган тонн захилга өгсөн.

Нэг үгээр хэлбэл, дизель түлшний захиалга хуваарийн дагуу татан авалт хийвэл ямар нэгэн асуудал үүссэн эрсдэл алга гэж харсан. Бидний тооцоолсноор энэ сард нийт 260 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авна.

Өмнө нь АИ-92 автобинзенийг 792 ам.доллароор авч байхад хоёр сарын бүтээгдэхүүнийг урьдчилж захиалга өгч төлбөрөө хийж ирсэн. Харин бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан эргэлтийн хөрөнгө үүсэхгүй байна гэх асуудал давхар яригдаж байна. Уг асуудлыг Сангийн яам, Монголбанктай ярилцаж бүтээгдэхүүн худалдан авахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх талаас нь ярилцаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn