“Айчи Нагоя 2026” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг-ын барилдаанууд тус тус болж байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдөж буй Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Ахлия Муминоваг ялснаар хэсгээ тэргүүллээ. А хэсгийг тэргүүлсэн Г.Наранцэцэг хагас шигшээд ийнхүү шалгарсан. Г.Наранцэцэг хагас шигшээд Японы Мицүки Кондод ялагдсанаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дэйтэй барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Уранзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Мадинаг иппон үнэлгээгээр ялж, хэсгийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеватай учраа таараад байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдөж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонезийн Мухаммеад Рижи Мауланаг яллаа. Ингэснээр хэсгийн аваргын төлөө олимпын аварга Казахстаны Елдос Сметовтой барилдаж, даралтаар иппон үнэлгээгээр дийлдлээ. Ингэснээр тэрбээр дагах барилдаанд Тажикстаны Лоик Кудбудиновтой барилдаж, ялагдсанаар ганцаарчилсан төрлийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдөж буй К.Ёолк эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Афганистаны Хикматулла Рахманиг яллаа. К.Ёолк хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алттай Тажикстаны Нурали Эмомалитай барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Ийнхүү тэрбээр Азийн наадмын хагас шигшээд шалгараад байна.
