Энэ удаагийн намрын чуулган жилийн өмнөх намрын чуулган болон өнгөрсөн хаврынх шиг бөөн улстөржилтөөр үргэлжилж байна. Хууль зүйн сайдаас С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилох гэж бөөн юм болсон. Одоо эрх барьж байгаа МАН-аас УИХ-д сонгогдсон хоёр бүлэглэлийн дайсагнал Боловсролын сайдаас Л.Энх-Амгаланг огцруулах эсэхээр үргэлжилж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ болон Байнгын хороодын хурал ирц хүрэхгүй байх бойкотоор үргэлжилж буй. Үүний зэрэгцээ олонхийн бүлэг болон цөөнхийн бүлгийн зарим гишүүдээс УИХ-ыг тараах тухай асуудлыг ч хөндөх болоод байна. Эдгээр асуудлын нэгэн гол дүр нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан. Тиймээс сэтгүүлчид түүнээс байр суурийг нь сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас энэхүү цаг үеийн асуудлын талаар сэтгүүлчдэд дараах хариултыг өглөө.
-УИХ-ын тараах асуудлыг зарим гишүүд яриад эхэллээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ыг тараахын тулд парламентын нийт гишүүдийн 82 гишүүн гарын үсэг зурж тардаг. Мөн парламент Ерөнхий сайдаа томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө тараана гэж байхгүй гэж харж байна.МАН засгийн эрхийг барьж байгаа нам. 2024 оны сонгуулийн үр дүнд 54 хувийн санал авч олонх болсон нам. Тэгэхээр МАН-ын Ерөнхий сайдаа томилж чадахгүй, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах нөхцөл рүү явна гэвэл МАН өөрөө тарах нөхцөл рүү явна. Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан нам тарах зохицуулалт Улс төрийн намын тухай хуульд бий. Намын удирдлагууд олон талаас нам, төрийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах байх. Түүнээс парламентыг тараах нөхцөл сошиалын сэтгэл зүйд тааруулсан, УИХ-ын гишүүдийн судалгаагүй мэдээлэл гэж харж байн. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх чөлөөгөө парламентаар дамжуулж эдэлдэг үндсэн эрх юм.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын бодлого сөрсөн хүмүүсийг намаас хөөнө гэдэг асуудлыг хэлсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд юу болж буй талаар эхлээд харах ёстой. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд төсвийн тодотголтой холбоотой асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүд цалин, тэтгэвэр нэмэхийг байнга шаардаж, дэмжиж ирсэн. Өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газрын багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг салгаж, бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг дутуу оруулж ирснээс өнөөдрийг тодотгол орж ирсэн. Гэхдээ багш, эмч нарын цалин нэмэх асуудлыг УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа. Харамсалтай нь, энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 50 тэрбум төгрөгийн сургуулийн тоног төхөөрөмжийн зардал оруулж ирсэн. Ингээд задаргаа ил болоход Л.Энх-Амгалан сайд УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө доромжиж, дарамталсан. УИХ-ын гишүүдийг ажлаа хийх боломжийг хумьсан. Цалин, тэтгэвэр нэмэх сайн амлалтын араар 50 тэрбумын хулгай хийх гэж оруулж ирээд, баригдангуут улс төр болгож байна. Л.Энх-Амгалан сайдтай холбоотой 50 тэрбумын задаргааг УИХ-д хуурамчаар өгсөн бол УИХ-ыг хуурах гэж оролдсон, эсвэл хулгай хийх гэж байсан гэдэг нөхцөл л харагдаж байгаа учраас аль ч утгаараа Л.Энх-Амгаланд хуулийн хариуцлага тооцох нөхцөл үүссэн. Бид Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйх ёстой, хариуцлага тооцох ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл Л.Энх-Амгалан өөрөө бол уучлал гуйхгүй гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан сайд хууль зөрчсөн, гэхдээ улс төрийн албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Бид өнөөдөр чуулганы ирцээ бүрдүүлээд ажиллана, ирэх долоо хоногоос Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг хөндөж, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайд Н.Учралтай уулзахад албан тушаал, хувийн эрх ашиг яриагүй. Парламент нь өөрөө хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулах юм уу гэдэг зарчмын асуудал л тавьсан.
-Ерөнхий сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолтой сургуульдаа төсвөөс мөнгө авахыг завдсан гэдэг асуудал үүсч байгаа учраас Н.Учралд хариуцлага хүлээлгэх асуудлыг та бүхэн хөндөх үү?
-Эхлээд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Л.Энх-Амгалан сайд болон зарим хүмүүс Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгохын тулд нам доторх цөөнх рүүгээ асуудлыг чихэх замаар яваад байна уу гэж хардаж байгаа учраас энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор тодорхой болгох ёстой. Л.Энх-Амгалан сайдыг улс төрийн соёл гаргаад, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд огцрох ёстой гэдэг шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл огцрохгүй байгаа учраас бид цаашид энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
