Л.Энх-Амгалан: Би яасан гэж уучлалт гуйх вэ, би огцрохгүй

Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг уучлал гуйж, огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсаар байна. Энэ тухай асуудлыг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид асуухад дараах хариултыг өглөө.

-Таныг уучлал гуйж, чөлөөлөгдвөл зарим гишүүд чуулганы хуралдаандаа сууна гэдгийг хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын гишүүд таныг огцрохыг шаардаж байна?

-Би ямар нэг зүйл буруу хийсэн, гэм хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би хууль зөрчөөгүй, ямар нэг зүйл буруу хийгээгүй. Ер нь бол энэ асуудалтай холбоотой асуудлыг хууль зөрчсөн эсэх дээр шалгалт хийж өгөхийг АТГ, ЦЕГ-т хандаж, шалгуулж байна.

-Та ер нь уучлал гуйж болохгүй байгаа юм уу эсвэл өөрийн хүсэлтээр огцорч болохгүй юм уу. Тэр нэг эксел файлыг гишүүд авч танилцсан нь бол үнэн гээд байгаа?

-Би яасан гэж уучлалт гуйх вэ, би огцрохгүй.  Би төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд ямар үндэслэл шалгуураар гэрт ойрхон сургуультай холбоотой мэдээлэл бэлдсэнийг бүгдийг нь танилцуулахад бэлдэж байна. Хувьсах зардал гэдэг бол сая гарч ирсэн зүйл биш, 30 жил явж ирсэн тогтолцоо. Хувьсах зардлаар хувийн сургуульд 80 мянга, цэцэрлэгт 30 мянган хүүхэд хүмүүжиж байна. Төрийн сургуулийн хүүхэд гэж байхгүй бөгөөд бүх хүүхэд суралцах эрхтэй, хүүхдүүдийн сурах эрхийг л хангахаар ажиллаж байна. Бид ажил хийхийн тулд хэдэн зуун сая файл гаргаж ирсэн. Гэтэл ямар учиртайгаар судалгааны файлыг улстөржүүлээд байгаа нь хачирхалтай. Тийм шаардлага байхгүй. Хэвлэлээр гарсан 15 тэрбум төгрөгийн задаргааны файл дээр байгаа мөнгө бол 15 сургуулийн нэгдсэн дүн. Яамнаас гаргасан файлд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль байхгүй байгаа.

-АН-ын зүгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулиудад 8.3 тэрбум төгрөг олгосон байна гэсэн мэдээллийг өгсөн?

-Хувьсах зардал бол 30 жил явж ирсэн гэдгийг би дахин хэлье. Энэ бол олон жил явж ирсэн хувьсах зардлын мэдээлэл. Тэр бүхэн ил тод байгаа. Зөвхөн Ерөнхий сайдыг сонгож, улс төрийн зорилгоор гаргаж ирж байна.

-Д.Амарбаясгалан таныг Засгийн газраа огцруулах хүсэлтэй байна гэсэн?

-Жинхэнэ түгжил нь би болсон уу. Тэгвэл Д.Амарбаясгалан Бортээгийн хулгайгаа ярих хэрэгтэй. Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Бортээгийн асуудлаа шалгуулах хэрэгтэй.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй байна. Яагаад одоо болтол сурах бичиг тараагдахгүй байна вэ?

-Эн жил цэцэрлэг, сургууль хөтөлбөрийн шинэчлэл хийж байгаа. Тиймээс аравдугаар сарын нэгнээс нэгдүгээр ангийн 7 сурах бичгийг хүргэж эхэлнэ. Сурах бичгийн тендер дээр бага зэрэг асуудал хөндөгдсөн ч 2-12-р ангийн сурагчид сурах бичигтэй байгаа. Нэгдүгээр ангийнхан бол шинэ хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас ном удахгүй тараагдана.

-Та олон жил Хөвсгөл аймгаас сонгогдсон. Гэтэл одоо болтол Цагааннуур сумын сургууль гал түлдэг хэвээрээ байгаад та юу хэлэх вэ?

-Цагааннуур сум зэрэг сургуулийн асуудлыг Азийн хөгжлийн банкны төсвөөр энэ жил шийдэх гэж байгаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn