УИХ-ын үйл ажиллагаа доголдоод хэд хонолоо. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.Амарсайханыг Хууль зүйн сайдаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг сайд болгохоор нэр дэвшүүлсэнтэй энэ нь холбоотой.
Мөн энэ нь МАН доторох талцал, хуваагдал үргэлжилсээр байгааг тод харуулж байна. Өнгөрсөн жил Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар МАН-ын даргын суудлыг булаацалдсанаас эхлэлтэй хуваагдал өнгөрсөн хавар Н.Учралыг Ерөнхий сайд болтол өрнөсөн.
Н.Учрал Ерөнхий сайд болсон ч талцал хуваагдал өдийг хүртэл арилаагүй нь энэ удаа дахин ил гарч ирсэн нь энэ. Өнгөрсөн жил 38, 30-аараа хуваагдсан гэгдэж байсан ч эдүгээ 30-ын талд 20-оод гишүүд нь хэвээр байгаа, бусад нь 38-ын буюу олонх талаа дагасан гэх. Гэвч энэ нь УИХ-ын олонхийг бүрдүүлж чадахгүй байгаа юм.
УИХ-д суудалтай бусад гурван нам ч олонхийг бүрдүүлэх дээр хамтрагч болж чадахгүй яваа. ХҮН-ын найман гишүүн, ИЗНН-ын хоёр гишүүн, Үндэсний эвслийн 4 гишүүнийг нэмээд ч олонх бүрдүүлж чадахгүй л байна.
Тиймээс улстөрийн байдлын дахин гацаанд ороод байна. Н.Учралын эсрэг талд байгаа 30-ийнхан МАН-ын генсек Я.Содбаатарыг чөлөөлөхийг шаардаж эхэлж. Учир нь Я.Содбаатар “Намын бодлогын эсрэг ажилласан УИХ-ын гишүүнийг намаасаа хөөнө” хэмээсэн нь ийм тэмцлийг өдөөж. Хэрвээ Я.Содбаатарыг явуулахгүй бол Н.Учралыг Ерөнхий сайдаас огрцуулна гэсэн гэх.
Эсрэгээр Н.Учрал өөрийг нь огцруулах гэвэл УИХ-ыг тараах ажиллагааг хийнэ хэмээн гэлцэнэ. Ийнхүү шинэ гацаа үүсч, түүнийг хэн хэрхэн намдаах мнь сонирхол татаж эхэллээ. Өмнө нь хурцадмал байдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирж намжааж байсан удаа бий.
Энэ байдал нь Монгол улсад ямар ч нам эв нэгдэлтэй байж чадахгүй байгааг харуулж байна. Эрх баригч МАН гол хоёр хэсэгт хуваагдан үзэж байгаа бол нэг хэсэг нь гуравдагч болж, ажиглалтын байдалтай байцгаана.
Сөрөг хүчин АН ч хоёроос, гурван хэсэгт хуваагдан улстөрийг ийш тийш нь чангааж, өөрсөддөө ашиг гаргахыг хичээнэ. Засагт багтаагүй ИЗНН-ын дөрөв ч хоёр хоёроороо тэмцээд ухаан алга. 8 гишүүнтэй ХҮН ч цэвэр байж чадахгүй зарим гишүүн нь бүр намаасаа түдгэлзээд буй. Уг нь нам гэдэг нэг мөрийн хөтөлбөр, үзэл бодолтой эвлэлдэн нэгдсэн бүлгийг хэлнэ. Гэтэл одоогийн манай намуудад дотоод эв нэгдэл түй ч алга. Эрх баригч нь ч, сөрөг хүчин нь ч хувь хүмүүсийг дагасан бүлэг фракц болчихоод дотооддоо дайтна.
Ийм байхад улс орны төлөө зүтгэл гэдэг юм хэрхэх нь тодорхой.
Ер нь энэ их хагарал тэмцэлд сүүлийн цэг хатгах хаа ч байсан юм. Тэгэхээр Н.Учралыг огцруулах, УИХ-ыг тараах хоёр эн тэнцүү тавигдахаас аргагүй юм.
