МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Засгийн газрыг огцруулах асуудал орж ирсэн тохиолдолд намын байр суурь, дүрэмтэйгээ зөрчилдсөн үйлдэл гаргасан гишүүнд хариуцлага тооцож, шаардлагатай бол МАН-аас хөөх хүртэл арга хэмжээ авна.
МАН бол олон жилийн түүхтэй, намынхаа дүрэм, үзэл баримтлал, үнэт зүйлээ дагаж ирсэн том улс төрийн хүчин. Олон удаагийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг авч, сонгуульд ялж ирсэн нам.
Гэхдээ энэ намыг зөвхөн УИХ-д байгаа 60 гаруй хүнээр ойлгож болохгүй. Цаана нь 3–4 зуун мянган гишүүний итгэл үнэмшил, дуу хоолой, олон жилийн хөдөлмөр бий. Тиймээс аливаа асуудлыг зөвхөн цөөн хэдэн хүний үйлдлээр хэмжих бус, агуулгаар нь маш том хүрээнд харж ярих ёстой.
Мэдээж аливаа айлд ганц нэг сахилгагүй хүүхэд байдаг шиг нам дотор ч дүрэм, сахилга бат зөрчсөн хүн байж болно. Тэр тохиолдолд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ цөөн хүний үйлдлийг нийт намын гишүүдийн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй адилтгаж ойлгож болохгүй” гэж мэдэгдлээ.
