“Оюутолгой” төслийн ногдол ашгийг 2027 оноос хуваарилна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан талаар мэдэгдлээ.

Н.Учрал “Монголын ард түмэндээ нэгэн сайн мэдээ дуулгая. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа үүссэн аливаа асуудалд ажил хэрэгч, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна.

Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа талархал илэрхийлье. Миний бие “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал ноён Саймон Тротттой Оюутолгойн төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо” гэсэн юм.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт “Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа. Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.

Ингэснээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно. Монголын ард түмэнд маш их баярлалаа” гэсэн юм.

Харин Сангийн сайд З.Мэндсайхан “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах Ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулснаар хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn