Оюутолгойгоос ногдол ашигт 3 их наяд төгрөг авна хэмээн Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн 8 дугаар сарын сүүлчээр 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ хэлсэн.
Энэхүү ногдол ашиг авна гэдэг үг монгол хүн бүрийн чихэнд чимэгтэй мэдээлэл болж орсон.
Н.Учрал тэрхүү авна гэсэн гурван их наядаас нэг их наядыг нь иргэдийн хуримтлалын санд оруулж, 2 их наядыг нь улсын төсөвт авч 10 аймгийн цахилгаан станц зэрэг 52 төсөлд зарцуулна хэмээн төсвийн хуулийг дагуулж УИХ-д оруулж ирсэн билээ.
Уг нь энд эхлээд олон нийтээс Оюутолгойгоос ийм хэмжээний ногдол ашиг авахаар байна. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ хэмээн санал авах ёстой байсан ч Засгийн газар өөрөө ийм ийм юманд зарцуулна хэмээчихээд дараа нь ард түмний саналыг асууна гэсэн.
Гэвч асуулгаар олон нийт хоёр их наядыг 52 төсөлд зарцуулахыг зөвшөөрөөгүй учир Засгийн газар 2027 оны улсын төсвийн төслөөс уг санал бүхий төслүүдээ эргүүлэн татсан.
Энэ хооронд улстөрд 3 их наядын дуулиан улам өргөжөөд явчихсан. УИХ-ын гишүүд ард түмэндээ ногдол ашгийг хүртээе гэж байхад Л.Пүрэвдорж гишүүн “542 мянган ахмадуудаа нэг удаа 5.5 саяыг олгоё” хэмээх санал хүртэл хэлсэн.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гэхэд ард түмэндээ 857 мянган төгрөгөөр тараая гээсэн санаа гаргаж тэр нь одоо бүр өргөжсөн.
Уг санаагаар нь нэгэн иргэн цахим D парламент дээр иргэдийн санал авах болж тэр дагуу хоёр гуравхан хоногийн өмнө 100 гаруй мянган хүн саналаа өгсөн. Тиймээс УИХ-д ажлын хэсэг байгуулагдаж, 3 их наядын ногдол ашгийг иргэдэд 857 мянгаар хувааж олгох асуудлыг Өргөдлийн байнгын хороо боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна.
Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг асуудлыг дэмжиж байгаа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэнхдсайхан нарт ард иргэдэд Оюутолгойн ногдол ашгийг хүртээх чиглэлийг өгөөд байна.
Тэгвэл “Оюутолгой”-н ногдол ашигт 3 их наядыг авах эсэх улам бүр тодорхойгүй болоод байна.
Манай Гашуунсухайтын хилийн боомттой хилллэдэг Хятадын Ганцмод боомтын засвар үйлчилгээ сунжрах болсноор “Оюутолгой” ХК баяжмалаа экспортлоход хүндрэл учирч, тэр хэрээр ногдол ашгаар тогтохгүй татварын орлогод ч нөлөөлж болзошгүй эрсдэл үүсч эхэлсэн нь тодорхой болоод байна.
“Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Экспортын гацааг шийдэх боломжийг хайсан ч одоохондоо ахиц шийдэл олоогүй байна. Энгийн үед 12-13 цуваа хил гаалиар нэвтэрдэг байсан бол дөрвөөр хязгаарлагдсан. Борлуулалтынхаа дөрөвний нэгийг л гүйцэтгэж байна.
Орлогынхоо дөрөвний гурвыг алдаж байна. Тэгэхээр бидний олж байгаа орлого урсгал зардлаа чүү арай төлж байгаа юм.
Зээл, ногдол ашиг төлөхөөр тооцсон хуримтлалаасаа зардлаа төлж байна. Хязгаарлалт аравдугаар сарын 15-наас эхэлсэн. Арванхоёрдугаар сарын сүүлээр засвар үйлчилгээ дуусна гэх албан тайлбар бий. Компанид маш их хүндрэл дагуулж байна. Борлуулалт хийж чадахгүй байгаа нөхцөлд ямар юмаараа ногдол ашиг төлөх вэ. Компанийн үйл ажиллагаанаас гадна татвар, АМНАТ, орлого, мөнгөн урсгалд нөлөөлнө. Хурдан хугацаанд шийдэх ёстой” хэмээсэн байдаг.
С.Мөнхсүх захирлын энэхүү үгийг Б.Солонго зэрэг манайдаа “Оюутолгой”-н асуудал дээр мэдээлэл сайтай иргэд эсэргүүцэж байгаа. Б.Солонго “Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлын гол үүрэг бол компаниа ашигтай ажиллуулж, үнэ цэнийг нэмэгдүүлэн, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж, ашиг хуваарилахын төлөө ажиллах юм. “Ногдол ашиг ямар юмаараа өгөх вэ” гэж байгаа бол ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Борлуулалт хийж чадахгүй байгаа нь Рио Тинтогийн урьдчилж харах боломжтой эрсдэл юм. Менежментийн өндөр төлбөр авдаг Рио Тинто компани энэ мэт эрсдэлийг урьдчилан харах боломжтой, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж ажиллах ёстой юм. Маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг гээд менежментийн төлбөр авдаг шүү дээ. Тиймээс хийх ёстой ажил нь юм. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн өндөр байгаа жил ашгаасаа ногдол ашиг хуваарилж чадахгүй зэсийн компани ч гэж юу байх вэ? Эсхүл Рио Тинто л ганцаараа ашиг хүртэх ёстой юу? Рио Тинтогийн томилсон гүйцэтгэх захирал ингэж хэлэхээсээ ичиж, санаа зовдоггүй юм уу?” хэмээн шүүмжилж буй.
Энэ бүхний эцэст манай Засгийн газар ногдол ашигт 3 их наядыг авахыг тооцоолсон ч “Рио Тинто” болон түүний охин “Оюутолгой” компани манайд тэр хэмжээний мөнгийг өгөхгүй хэмээн зүтгэх нь тодорхой байгаа нь энэ.
