Өнөөдөр АН-аас долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4:11 мэдээллийн цагаараа инфляц 13 хувьд хүрсэн, шатахууны хомсдол нүүрлэсэн зэрэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого алдаатай байсантай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Ингээд УИХ-ын чуулган зарлахад Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ дахь АН-ын бүлгээс тавих болно гэж мэдэгдсэн.
Энэ үеэр АН-ын дэд дарга Н.Ганибал “Яагаад өнөөдөр шатахуун хомсдов, яагаад үнийн огцом өсөлт бий болов. Засгийн газрын алдаатай буруу бодлого. Шатахууны 45 хоногийн нөөцөө яаж зөв зарцуулах вэ гэдэг бодлого тооцоо гаргадаг салбарын яам, салбарын сайд нь буруу тооцоо гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдалд оруулчихлаа. Наадмын дараа 10 хоног амарсан. Засгийн газар нь ард иргэдээ яв, хотоо чөлөөл, шатахуун хангалттай хүрэлцэнэ гэдэг марзан мэдэгдэл хийсэн. Автомашинаар 500 км явахад нэг машин 14 хоногийн нөөцийг хэрэглэнэ. 1000-аас дээш км явахад нэг сар хэрэглэх шатахуун зарцуулна гэсэн үг. Шатахуунаа тасалдуулахгүй байх боломж байсан уу гэвэл байсан.
Засгийн газрын сайд нар онгоц хөлөглөөд наадам хэссэн. Ард иргэдээ наадам хэсээд бай гэдэг уриалгыг сайд Г.Дамдинням нь хийсэн. Үүний үр дүнд шатахууны тасалдал бий болсон, үнэ нь өссөн.
…Зарим нэг нефть импортлогч компани хэт даварсан, Монгол төрийн бодлогын дээр гараад асуудлаа Засгийн газарт тулгадаг байдал ч анзаарагдаж байна. Энэ бүхэн Засгийн бодлого буруу байна гэдгийг л харуулж байна” гэхчилэн шатахууны асуудлыг голлон мэдэгдэл хийлээ. Үүнийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням үгүйсгэлээ.
Тэрбээр “Ямар тэнэг нь өөрийгөө гөвүүлээд суух тийм тэнэг юм хийхэв дээ. Н.Ганибал даргыг ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж тооцож үзэхийг урьж байна. ОХУ-ын импортын хэмжээ 40 хувь унасан учир үүссэн хомсдол.
- Ямар ч мэдэгдэл хийгээгүй.
- Наадмын өдрүүдэд ямар нэг асуудалгүй гэсэн. Наадмын өдрүүдэд ямар ч асуудал үүсээгүй” гэсэн хариу бариад байна.
Мөн АН сүүлийн хэдэн долоо хоног өдөр бүр Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж байна. Ингэхдээ эрх баригч МАН-аас уг санааг нь дэмжих гишүүд байгааг анхааруулах болсон нь энэ.
Энэ бүхнээс дүгнэхэд ямартай ч УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирэх нь бололтой.
