УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж, шинэ бүлгийн даргаа сонгож, мөн УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн өргөн барьсан асуудал болон сэтгүүлчийг цагдан хорьсон асуудлын талаар хэлэлцжээ. Эдгээр асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Эхлээд АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж өндөрлөлөө. Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Ардчилсан нам бүлгийн даргыг сонгох, сэтгүүлчийг барьж хорьсон асуудлыг хүрээнд байр сууриа нэгтгэсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баясглан 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тавьж хариуцсан сайдын ёс зүйгүй үйлдэл, ажилдаа сэтгэл гаргаж ажиллахгүй байгаа асуудлын хүрээнд ярилцлаа.
Ардчилсан намын бүлгийн хэлэлцэх асуудлын эхэнд бүлгийг удирдан зохион байгуулах асуудлаар ярилцсан. Миний хувьд Ардчилсан намын бүлгийн даргаар хоёр парламент дамнан тав дахь жилдээ ажиллаж байна. Магадгүй монголын парламентын түүхэнд хамгийн удаан ажилласан байх. Энэ удаа өөрийн хүсэлтээр намын ажилдаа төвлөрч ажиллах зорилгоор бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд бүлгийн гишүүдээс хүлээн авч шинээр сонгууль явуулж, УИХ-ын гишүүн Б.Түвшин нийт 41 гишүүнээс 24 хүний санал авч Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдов.
УИХ-ын гишүүн Б.Түвшин нь нам, бүлэг дотроо өөрийн байр сууриа эзлэхээс гадна зохион байгуулах чадвар, намын бүлгийг нэг зүг рүү харуулж урагшаа ажиллах бүрэн боломжтой гэж дийлэнх гишүүд үзсэн.
Ардчилсан намын бүлгийн хурлаар сэтгүүлчтэй холбоотой асуудлыг давхар ярьсан. Яагаад заавал сэтгүүлчдийг барьж, хорих шаардлагатай болсон юм. Үүний цаана олон ээдрээтэй асуудал байна. Уг үйлдлийг бүлгийн гишүүдийн олонх нь буруу гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд нэг улс төрийн хүчин, засаглалын бүхий л талд хэт давамгай үнэмлэхүй засаглахаар хаалттай систем ялзарч дарангуйллын тогтолцоо руу ордогийг уг үйл явдал харуулж байна.
Ардчилсан нам хувь хүний үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдэлж ирсэн. Цаашид шинэ бүлгийн дарга шаардлагатай бол Ардчилсан намын бүлгийн хурал дээр цагдаа болон холбогдох хүмүүсийн дуудаж тайлбар авах ёстой гэж бодож байна. Яагаад хорих шаардлагатай болсон үндэслэлээ олон нийтэд нээлттэй ил тод тайлбарлах ёстой гэдэг байр суурьтай байгаа” гэлээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдсон Б.Түвшин “Ардчилсан намын бүлгийн хурлаар шийдвэр гарлаа. Миний бие 41 гишүүнээс 24 хүний санал авч бүлгийн дарга болж байна. Хэзээнээс энэхүү үүрэг хэрэгжиж эхлэх вэ гэхээр УИХ-ын 29.3 дээр зааснаар албан ёсоор танилцуулснаар бүлгийн даргын үүрэг хэрэгжиж эхэлнэ.
Ардчилсан намын бүлгийг эв нэгтэй цул байлгах, ардчиллын үндсэн зарчим болох дэвшилтэд үзэл санааг хамгаалах хөгжүүлэхэд анхаарна. Үндсэндээ язгуур эрх ашиг, монгол угсаатны эрх ашгийг хамгаалах бодлого, үзэл санаа болон зарчим дээр тулгуурлан мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Цаашид Ардчилсан нам хүний эрх чөлөө, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг хангахаас гадна хүчтэй сөрөг хүчин байх бодлогыг баримталж ажиллана.
Ардчилсан намын бүлэг бол өмнөө тавьсан зорилго, бурууд тавьж байгаа хатуу шаардлагуудаа баримтална. Бүлгийн даргын үндсэн үүрэг бол дотоод эв нэгдлийг хангах үүрэгтэй. Энэхүү 42 гишүүнийг хүчтэй сөрөг хүчин байлгах бодлогыг хангаж ажиллах үүрэгтэй билээ. Тиймээс бүлгийнхээ гишүүдийн санал, бодлыг сонсож шийдвэрийг олонхийн дагуу гаргана. Мөн бүлгийн гишүүдийн оролцоог хангаж ажиллана.
Харин эсрэгээрээ хувь хүнийхээ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэж бүлэгт тулгаж явахгүй. Нөгөөтэйгүүр, бүлгийн дэд дарга нарын асуудлын тухайд гэвэл дараа долоо хоногоос дотоод сонгууль явуулж сонгох төлөвлөгөөтэй байна. Мөн 42 гишүүний бодлогыг зангидаж доторхой үр дүнд хүргэхээс гадна эв нэгдлийг хангахын зэрэгцээ Ардчилсан намын эв нэгдлийг хангаж улс төрийн сонгуульд ялах бодлогыг баримтална” гэв.
