Монголын нүүдэлчин ард түмний соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах болон үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд эхэллээ.
Энэхүү фестиваль нь Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцын зарчим, үзэл баримтлалын дагуу соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Жил болгон уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг соёлын наадам нь байгаль, мал, хүн хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон Монголын нүүдлийн ахуй амьдралын хэв маяг болон түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд сурталчлах зорилготой.
Мөн нүүдлийн соёлыг судлах, сонирхох хүмүүсийн хүрээг тэлэх, Монгол орныг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм.
