Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зургийг шинээр илрүүлжээ

Та бүхэн Хойд Цэнхэрийн агуйгаас эртний хадны зосон зураг олдоод 74 жил болж байгааг мэднэ. Тэгвэл тус агуйгаас шинээр зураг нээн олсон байна.

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-н хүртэл малталга судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх /булш/ илрүүлжээ. Судалгааны баг 2022 оноос эхлэн жил бүр тус агуйд туршилтын малтлага хийж агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж буйгаас гадна зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоох оролдлогууд хийж байгаа аж.

Өнгөрсөн 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй юм.

Энэ оны судалгаагаар агуйн хойморь хэсэг дэх малтлагаа үргэлжлүүлэн хийснээс гадна агуйн баруун хатавч хавьд чулуун нуранги, шувууны сангасаар ам хэсэг нь дарагдаж нуугдсан нэгэн хунхыг олж, дарагдсан амыг нээж ороход хоёр тасалгаа бүхий жижиг хунх байсныг илрүүлжээ. Хунхын хана таазанд 40 гаруй эртний зосон зургууд байгаа нь шувууны сангас тоосжилтын улмаас ихэд бүдгэрсэн хэдий ч зарим хэсэгт амьтан, шувуу, “Х” үсэг шиг тэмдэглэгээ зэрэг буйг эрдэмтэн судлаачид тодорхойлсон байна. Зарим зосон зургууд агуйн хананаас доош шувууны сангасд дарагдсан шал хэсэг рүү үргэлжилж байв. Эдгээр зосон зургуудад энэ жилд зөвхөн анхан шатны баримтжуулалт хийсэн бөгөөд дараа жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэн баримтжуулалт хийхээс гадна хунх дотор малталга судалгаа хийхээр төлөвлөжээ.

Ийнхүү уг агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.

Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрэээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажилласан байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn