Монгол, Солонгосын харилцааны “Алтан эрин” эхэллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, гэргийн хамт баяр наадмын өдрүүдэд Монголд айлчлаад өчигдөр буцлаа.

Энэхүү айлчлал нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Монголд хийсэн айлчлал бөгөөд Монгол, Солонгос улсууд харилцааны “Алтан эрин” буюу “Алтан үе”-ийг эхлүүлж буйгаа зарласан түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар  хоёр улсын орчин цагийн дипломат харилцааны 36 жилийн ололтыг дүгнэж, цаашдын итгэлцлийг бэхжүүлэхээр тохирлоо.

Улмаар дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, парламент, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль сахиулах байгууллагуудын холбоог өргөжүүлэх, батлан хамгаалах салбарт цахим  (кибер) болон хосолмол аюул заналтай тэмцэхэд хамтрах,  цэргийн боловсрол, дадлага сургууль, мэдээлэл солилцоо, цэргийн эмнэлэг болон шинжлэх ухаан, технологийн судалгааг идэвхжүүлэхээр болов.

Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ыг БНСУ-ын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлоготой харилцан уялдуулж, бие биеэ дэмжихээ нотлов.

Хоёр улсын эдийн засгийн харилцааг чанарын шинэ шатанд гаргах чухал алхмуудыг хийлээ. 2030 он гэхэд  хоёр улсын жилийн худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэх тодорхой зорилт тавив.

Эдийн засгийн хамтын ажиллагааны гол хөдөлгүүр болох Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (CEPA)-ийг байгуулахыг зарчмын хувьд тохирч, бэлтгэл ажлыг нягт ханган ажиллахаар тогтлоо. Хоёр улсын арилжааны томоохон банкны салбаруудыг харилцан нээх эрх зүйн орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихээ мөн илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд болсон “Монгол-Солонгосын бизнес форум”-д 250 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.

Монгол Улсын орон нутгийн тэнцвэртэй хөгжилд БНСУ-ын орон сууц, дахин төлөвлөлт, хотын ундны усны менежмент болон “ухаалаг хот”-ны туршлагыг нэвтрүүлэхээр тохиролцов.

Дэд бүтцийн салбарт ирээдүйд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр тохиров.

Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын сүлжээ байгуулах төсөл болон Монгол Улсын галт тэрэгний удирдлагын төвийн бүтээн байгуулалтад техникийн хамтын ажиллагаа үзүүлж, хүний нөөцийг бэлтгэхээ Солонгосын тал илэрхийллээ. Тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхэд дэвшилтэт технологи нутагшуулах, гуравдагч орноор дамжин өнгөрөх тээвэрлэлтийн чиглэлд урт хугацааны түншлэл тогтоохоор ажиллана.

   БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Улаанбаатарт байгуулагдсан “Ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг түшиглэн хайгуул, олборлолт, баяжуулалтын технологи дамжуулалтыг эрчимжүүлж, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгууллага хоорондын гурван  баримт бичигт гарын үсэг зурав.

Нар, салхины сэргээгдэх эрчим хүч, батерей хуримтлуурын систем, өндөр үр ашигтай дулааны насос зэрэг ногоон технологийг нэвтрүүлж, боловсон хүчин бэлтгэнэ.

КОВИД-19 цар тахлын улмаас хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа тасалдаад байжээ. Иймд яамд  хоорондын зөвлөлдөх механизмыг 8 жилийн дараа дахин сэргээж, энэ салбарыг харилцааны тэргүүлэх чиглэл болгов.

Хавдар судлалын үндэсний II төвийг  БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирч, Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хамтран хийх Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энд Солонгосын хиймэл оюунд суурилсан эмнэлгийн систем, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажээ.

Солонгост ажиллаж буй монгол иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гадаад ажилчдын эрхийг хамгаалахад Ли Жэ Мён ерөнхийлөгчийн захиргаа онцгой анхаарч буйд Монголын тал талархал илэрхийлэв. Мөн КОЙКА-гийн дэмжлэгээр эмэгтэй улс төрчдийн чадавхыг бэхжүүлэх төслийг орон нутгийн түвшинд өргөжүүлэхээр болов.

 БНСУ-ын тусламжаар цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Ногоон хэрэм”   хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж 20 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд төслийн 4 дэх үе шатыг эхлүүлэхээр санамж бичигт гарын үсэг зуржээ.

Мөн Солонгосын тал  2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг бүс нутгийн байгаль орчны механизмыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж, Солонгосын тал дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн  Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамтарсан төслүүдийг чанаржуулахаар  Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагаар  дамжуулан ойн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр болов.

Малын гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, “ухаалаг ферм” (smart farm) технологийг нутагшуулахад туршлага солилцоно.

Иргэд хоорондын сэтгэл зүрхний гүүрийг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Солонгосын соёлын төв, Сөүл хотод Монголын соёлын төвийг тус тус байгуулахаар албан ёсоор тохиров.

XIII зууны үеийн түүх, соёлын өв, түүний дотор Гуулин Улстай холбоотой түүхэн олдворуудыг хамтран судлах, хамгаалахаар болов.  

Эдүгээ БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж буй 60 мянган монгол иргэн хоёр орны амьд гүүр болж байгааг тэмдэглэв. Айчлалын хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчилсөн Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр” болон иргэдийн эрх ашгийг хамгаалах “Консулын хэлэлцээр”-үүдийг байгуулсныг сайшаав.

Аялал жуулчлалыг дэмжих, виз олголтыг хөнгөвчлөх зорилгоор хамтарсан “Замын зураглал” боловсруулж, шат дараатай арга хэмжээ авна. Монголын талаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая”, “Хариуцлагатай аялцгаая” хөтөлбөрүүдийг Солонгосын тал дэмжлээ.

Хоёр улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тулгууруудыг тууштай дэмжих бөгөөд  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, яриа хэлэлцээний замаар энх тайвныг цогцлоох БНСУ-ын Засгийн газрын хүч чармайлт, бодлогыг Монгол Улс бүрэн дэмжиж ирснээ дахин нотлов.

Ерөнхийлөгч Ли Жэ Мён гэргий Ким Hye-kyung-ийн хамт Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд албан ёсны хүндэт зочноор оролцлоо.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn