Хуучин цагт бөхчүүд нөгөө сурсан даацтай мэхээ нэгэндээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг байсан. Тэгвэл эдүгээ “начны” найрааг хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ л дээ.
Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа тул 1024 бөх барилдуулах шийдвэр гарсан. Тиймээс Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос анх удаа 7 дугаар сарын 10-наас бөхийн барилдааныг эхлүүлэх шийдвэрийг ч гаргасан.
Гэвч гурван өдөр барилдах шийдвэрийг бөх сонирхогчид хүчтэй эсэргүүцэн сошиалаар давалгаалж буй.
Тухайлахад чөлөөт, жүдо бөх тайлбарлагч Шижир хэмээх залуу үүнээс болж найраа утгаа алдана хэмээн бичиж түүнийг дэмжигчид олон байна. Гэвч манайд нэгэнт тогтсон “начны найраа” хэмээхийг хүссэн ч, эс хүссэн ч хийнэ хэмээх хүн олон байна.
10 даваатай бөхийн барилдаан 12-ны өдөр дуусч өгдөггүй. Тиймээс цаг шахах дүрмийн заалт хүртэл гарган үйлчлүүлж буй. Мөн наадмын үеэр 10 хоног амрах шийдвэр гаргасан. Манайх хэдий олон хоног амардаг ч үзэх, харах зүйл дутмаг. Ьиймээс наадмынхаа барилдааныг гурав хоног болгосонд талархууштай.
Зохион байгуулах хорооноос 10-ны өдөр ядаж нэгийн давааг явуулахаар шийдвэрлэлээ. Хоёр болоод гурвын даваа 11-нд явагдаад 4-ийн даваанаас эхлээд хуучин шигээ л явагдана. Тиймээс олон хоног барилдуулж, найрааг хавтгайруулна гэж байгаа нь үнэндээ инээдэмтэй хэрэг.
