Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын шөнийн бэлтгэл долдугаар сарын 2-ны шөнөөс албан ёсоор эхэллээ. Энэ онд Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил зэрэг түүхэн тэгш ойнууд тохиож буйтай холбогдуулан цэргийн ёслолын жагсаалыг зэвсэглэл техник, морьт салбар, байлдааны сөнөөгч онгоцны нислэгтэй хамтатган зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8000 гаруй алба хаагч оролцох бөгөөд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Жаргалсайханы Өсөхбаяр командална.
