Гишүүдийг ирцээр “хазаарлах” нь амар ажил биш байв

Хазаартай морь чигтэй гэдэг шиг парламентын гишүүдийн ирц иргэдэд ил тод болж, хэн өвчтэй, чөлөөтэй, томилолттой, тасалсан гэдэг нь харагддаг боллоо. Хариуцлагатай хаврын чуулган гэж хэлэх гэсэн юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Төрд иргэдийг төлөөлж, хууль батлах үүрэгтэй гишүүдийн парламентын оролцоо ямар байгааг иргэд сонгогчид  хардаг, хандлага, мэдлэг чадварыг нь “тэмтэрдэг” байх учиртай. УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлсэн болоод өрөөндөө ороод суучихдаг, гараад алга болдог байж болохгүй. УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууж, хуулийн төслийн хүрээнд асуулт асууж, алдаа оноог нь дэнсэлж, ард түмний мэдэх эрхийг хангаж, бодлогын мэтгэлцээн өрнүүлэн хуулийн төслийн ус тосыг нь ялгаж хууль “өлгийдөх” учиртай. Ирц муутай хуралдсанаар байнгын хорооны дэмжсэн, гишүүдээс гаргасан санал унах зэрэг сөрөг үр дагавар их гарах боллоо.

Сайн хууль батлах эхний алхам бол гишүүд хуралдаа бүрэн сууж, санал шүүмжээ хэлж, бас сайн талыг нь хууль санаачлагчид олон нийтэд энгийнээр таниулах учиртай юм. Гэхдээ гишүүдийг ирцээр “хазаарлах” нь тийм амархан ажил биш байсныг дахин дурдаж хэлье.

УИХ-ын гишүүд ирц нь ил тод харагдаад эхлэхээр дургүйцэж таарна. Хүн л хойно гишүүдэд ч гэсэн чөлөө хүсэх, томилолтоор ажиллах учир шалтгаан байж таарна. Гэвч УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанд суудаггүй, улстөржиж хуралдаан тасалдаг, чуулгантай өдрүүдэд гадаад дотоодгүй дураараа явдаг гишүүд олширсон.  Угтаа бол парламент 126 гишүүнтэй болсон нь хуулийн мэтгэлцээнийг олон талаас явуулж, сайн хууль батлах зорилготой байв. Гэтэл чуулганы танхимд цагтаа ирсэн гишүүд нь хүлээгээд сууж байдаг. Хууль хэлэлцэж байхад ирцэндээ орсон нэрийдлээр танхимдаа суухгүй байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа. Тэгвэл УИХ-ын дарга ирц сайжруулах олон талын хөшүүрэг хийж үзэж байгаагийн нэг том биелэлт нь ирцийг олон нийтэд шууд харуулдаг болсон шинэчлэл юм.

Ингэснээр тойргийн гишүүнээ сонгогчид нь төвөггүйхэн харах боломж бүрдэж байгаа. Нөгөө талдаа цагтаа ирсэн УИХ-ын гишүүдийг “ангийн дарга” нь овог нэртэй нь хуралдааны эхэнд зарлаж, мөн УИХ-д хууль санаачилж, хэлэлцүүлэн баталсан гишүүд, ажлын хэсгийнхнийг овог нэртэй нь олон нийтэд чуулганы танхимаас  зарлан хүндэтгэж, талархал илэрхийлж байгаа нь сайшаалтай. Хууль хэлэлцүүлэн батлах процесс тийм ч амар ажил биш. Ажлын хэсэг хэрхэн ажиллах, байнгын хорооны гишүүдийн санал, шүүмжийг хэрхэн тусгах, олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг олон шат дараалалтай хуралддаг.

Эдгээр хуралдаанд гишүүд ажил үүргийнхээ хүрээнд цаг баримталж, ирцээ бүрдүүлээд хуралдах байтал, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гишүүд, тэдний ажлын алба руу утасдаж, эгээтэй өрөөнөөс нь хөтлөж оруулж ирж хуралдах нь халаггүй болчихсон байв. Энэ байдлаас үүдэлтэй хуралдаа хаа нэг оролцдог гишүүд хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэйгөө ч бүрэн танилцаагүйгээс хурал удааширах, хуулийн төслийн хэлэлцүүлэг мөлүүхэн болчихдог талтай. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт ирцээр гишүүдийг ямартай ч “хазаарлаж” чадлаа.

 

Чуулганы хуралдааны эхэнд шууд дамжуулалтаар ирц харуулахаас гадна parliament.mn сайтад нам, бүлэг, эвслээр нь ирцийг ил тод харуулж, иргэдийн мэдэх эрхийг нээж өглөө. Парламентын гишүүд ирц ил тод болсонд одоохондоо ундууцаж байгаа. Гэвч цаашид парламент төлөвшихөд томоохон ололт болно. Цагтаа хуралддаг, гишүүд нь хуулийн төслөө тал талаас нь хэлэлцдэг болчихвол “амьдралтай хууль”-ийг батлаж таарна. УИХ-ын гишүүдийн ирцийг ил тод болгохоор өмнө дарга нь хөнддөг ч өнөөдрийнх шиг богино хугацаанд хэрэгжүүлж чадсан нь С.Бямбацогт дарга болж үлдэв.

Ерөнхийдөө 2026 оны УИХ-ын хаврын чуулган иргэн төвтэй, эдийн засаг, нийгмийг сайжруулах чиглэлийн  Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, дөрвөн парламент дамнаад батлаж чадаагүй өдий хүрсэн Гэр бүлийн тухай хуулиудыг хэлэлцлээ. Эдгээр хуулиудын өөрчлөлт өрхийн амьдралд үр дагавраа өгч, олон жил татвар төлсөн бол илүү тэтгэвэр авч, бага орлоготой бол татвараа хөнгөлүүлж, орлогод нийтцсэн орон сууцжуулах бодлого хэрэгжих нь ээ.

Хуулийг өнөөдрийн парламент “оноо” авах гэж өөрчлөх биш,  судалгаанд тулгуурлаж, нийгэм эдийн засгийн үр өгөөж, иргэдэд учруулах үр дагаврыг тооцож  батлах учиртай.

УИХ-ын гишүүд хэр идэвх, зүтгэл, оролцоотой байх нь УИХ-ын дарга буюу парламентын “ангийн дарга”- aас шалгаалах нь бий. С.Бямбацогт даргын хувьд Ховд нутгаас дөрөв дахь удаагаа хамгийн олон сонгогчийн итгэл хүлээж сонгогдсон гишүүний хувьд хариуцлагатай улстөрч байж таарна. Тэгвэл түүний хувьд парламентын гишүүдийг хариуцлагажуулах, олон нийтийн мэдэх эрхийг нээлттэй болгож, E-mongolia цахимаар иргэд хуулийн төсөлд саналаа ирүүлэх боломжийг нээж өгсөнд талархаж байна. Харин иргэний саналыг хуульдаа тусгаарай гэж хүсэх байна.

Хурлын дарга С.Бямбацогт оо, гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн парламентын гишүүдийнхээ сайныг нь хэлж, саарыг нь ч ил тод зарлаж, иргэний төрд итгэх итгэлийг даллаж, төр нь иргэндээ ээлээ өгөх сайн хууль батлаж, хариуцлагын “хазаар”-ынхаа амгайг халуун байлгаарай гэж давхар захих байна.

 

 

Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn