УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн давж шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн давж шатны тойргийн шүүхэд өчигдөр болсон.
Анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Шүүгдэгч З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхээс тогтоосон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хувийн байдалтай холбоотой буюу эрүүл мэндийн нөхцөл байдал, үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэжээ.
Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан шинжид хамаарах бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг “нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял” шийтгэхээр хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа
Жич: Манай улсын эрүүгийн хуулийн гох дэгээ ийм л байна. Өмнө нь ийм маягаар ялаас мултарсан авлигачид олон. Тухайлахад ЖДҮ санг тоногчдыг ахалсан “Банхар” Б.Батзоирг ч гэдэг юмуу хэдэн сая ам.доллар хахуульд авчихаад ял наймаалцаад 40 саяар торгуулсан Д.Хаянхирваа нарыг дурдахад л болно. Энэ удаа З.Энхболд, Б.Энх-Амгалан нар ийнхүү 40 саяар торгуулаад наранд гарцгаалаа.
