УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хурлын үеэр Үндэсний аудитын газрын (ҮАГ) дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдал болон ирэх жилүүдийн төсвийн төслийг танилцуулсан юм.
Танилцуулгад дурдсанаар, төрийн аудитын байгууллага хуулийн дагуу жил бүр төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлдэг ч байнга хасагдаж батлагддаг байна. Тухайлбал, сүүлийн 7 жилийн хугацаанд төсөв нь дунджаар 13 хувиар хасагдаж иржээ.
Тус байгууллага 2027 оны төсвийн төслөө 111.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2026 оны батлагдсан төсвөөс 61.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Нэмэгдэл төсвийг дараах байдлаар хуваарилжээ.
Урсгал зардалд 73.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь өмнөх оноос 25.2 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Хөрөнгийн зардалд 37.3 тэрбум төгрөг төсөвлөсөн ч байнгын хороон дээр хасагдсан юм.
Үндэсний аудитын газар болон хоёр аймаг дахь төрийн аудитын газрын барилга, мөн автомашин, компьютер, тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасантай холбоотой аж.
ҮАГ нь өдгөө Засгийн газрын IV байранд байрлаж байгаа ч талбайн хүрэлцээ муутайгаас шалтгаалан зарим албан хаагчид нь 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд ажиллаж байна. Тус газар сүүлийн 6 жилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийг түрээсийн зардалд төлжээ. Төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, аудитын үйл ажиллагааг хараат бусаар явуулахад өөрийн гэсэн байртай болох зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд өдгөө хоёр аймгаас бусад орон нутгийн аудитын байгууллагууд өөрийн гэсэн байргүй байгааг Ерөнхий аудитор онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн саналаас барилга байгууламжтай холбоотой 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргав. Үүний зэрэгцээ Сангийн яамнаас төрийн аудитын байгууллагын орон нутгийн нэмэгдэл хийх асуудлыг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх санал боловсруулах үүрэг өгөхийг хүссэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх саналуудыг тусган, хоёр санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр төрийн аудитын байгууллагын хөрөнгө оруулалттай холбоотой гурван барилгын зардлыг хасаж, орон нутгийн нэмэгдлийг олгох хуулийн гаргалгааг хамтад нь оруулж ирэх үүргийг Сангийн яаманд өгөхөөр болов.
Эх сурвалж: Parliament.mn
