Ирэх долоодугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт урлаг, соёл, аялал жуулчлал, байгаль хамгааллыг нэгтгэсэн “Hoimor Green Festival” эко наадам анх удаа зохион байгуулагдах гэж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх тус фестиваль нь Сүхбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэн болон Алтанбулаг сумын нутаг дахь алдарт Сайханы хөтөл орчим гэсэн хоёр үндсэн байршилд төвлөрөн явагдах бөгөөд дотоод, гадаадын жуулчид, гэр бүлүүд, залуусыг нэг дор цуглуулах томоохон арга хэмжээ болохоороо онцлог юм.
“Hoimor Green Festival”-ийн гол онцлог нь байгаль хамгааллыг бодит үйлдлээр дэмжих зорилгод оршиж байна. Наадмын хүрээнд хэрэгжүүлэх “1 Тасалбар = 1 Мод” санаачилгын дагуу худалдаалагдсан тасалбар бүрийн тоогоор нэг мод тарих бөгөөд энэхүү хөдөлгөөн нь Сэлэнгэ аймгийн 2031 онд тохиох 100 жилийн ойг угтан нийт 5 сая мод тарьж, иж бүрэн ногоон экосистем бүрдүүлэх урт хугацааны зорилтын нэг хэсэг болж байгаа юм.
Фестивалийн байршил ч мөн давуу тал ихтэй. Сүхбаатар хот нь Улаанбаатар хотоос засмал болон төмөр замаар шууд холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн төв суурин учраас зочид ая тухтай, цаг хугацаа болон зардлаа хэмнэн зорчих боломжтой. Үүнээс гадна Сайханы хөтөл, Тужийн нарсны цамхаг, Гүн нуур, Хоёр элс, Ээж мод зэрэг Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүд фестивалийн бүсэд ойрхон байрладаг нь оролцогчдод байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжийг давхар олгоно.
Энэ зуны хамгийн том ногоон наадмын тайзнаа Монголын шилдэг 70 гаруй уран бүтээлч оролцож, үзэгчдэд сор болсон бүтээлүүдээ хүргэхээр бэлтгэж байна. Харин дуу, дүрс, гэрэл, тайзны шийдлийг Монголын энтертайнмент салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болох “333 Entertainment” хариуцан ажиллаж байгаа бөгөөд олон улсын стандартад нийцсэн шоу тоглолтыг хүргэхээр төлөвлөжээ.
Зохион байгуулагчид фестивалийг гэр бүл болон хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулж буйгаа онцолж байна. Наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 17-нд ирсэн зочид гэр бүлээрээ мод тарих тусгай хөтөлбөрт оролцох боломжтой.
Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан мэргэжлийн багш ажиллах, стандартын шаардлага хангасан хүүхэд харах түр цэцэрлэгийг ажиллуулах бөгөөд энэ нь Монголын фестивалийн салбарт хэрэгжиж буй шинэлэг үйлчилгээний нэг болж байна.
Түүнчлэн наадамд хүрэлцэн ирэх зочдын ая тухыг хангах зорилгоор амрах бүсүүдийг “Гэр бүлээрээ тухлах хэсэг” болон “Залуусын эрч хүчтэй хэсэг” гэсэн хоёр тусдаа бүсэд хуваан зохион байгуулжээ. Гэр бүлийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, чанга хөгжим болон шуугианаас бүрэн тусгаарласан орчин бүрдүүлснээр хүүхэдтэй гэр бүлүүд тайван амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Улаанбаатар хотоос ирэх зочдод зориулан тусгай нэгдсэн автобусны үйлчилгээг мөн зохион байгуулахаар болжээ. Наадмын тасалбар худалдан авсан иргэд долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Сүхбаатар хот хүртэлх тусгай автобусаар ердөө 10 мянган төгрөгөөр зорчих боломжтой аж.
Аюулгүй байдлын хувьд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаа, онцгой байдал, эмнэлгийн нэгдсэн тусламжийн цэгүүд хоёр үндсэн байршилд 24 цагаар ажиллах юм. Мөн мэргэжлийн хамгаалалтын алба, цагдаа, онцгой байдлын алба хаагчид байнгын бэлэн байдалд ажиллаж, төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн камержуулан хяналт тавихаар төлөвлөжээ. Үүнээс гадна Орхон голын дагуу завины болон эргийн явган эргүүл тогтмол ажиллаж, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Залуусыг хөгжмийн хэмнэл дор нэгтгэхийн зэрэгцээ байгаль дэлхийдээ бодит хувь нэмэр оруулах зорилготой “Hoimor Green Festival” нь зугаа цэнгэл, аялал жуулчлал, нийгмийн хариуцлагыг хослуулсан шинэ төрлийн эко фестиваль болж буйгаараа онцлог. Тиймээс зохион байгуулагчид иргэдийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, эх дэлхийдээ “ногоон төгөл” үлдээх үйлсэд нэгдэхийг урьж байна.
