2026 онд ганцаараа аялах эмэгтэйчүүдэд хамгийн таатай орнууд

 Өнөөдөр ганцаараа аялагч эмэгтэйчүүд аялал жуулчлалын гол чиг хандлагыг тодорхойлж байна. Ялангуяа 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн аялал хамгийн хурдацтай өсөж байгаа бөгөөд “Эмэгтэйчүүд ганцаараа аялах” гэсэн хайлтын илэрц сүүлийн таван жилд дэлхий даяар 30 хувиар  өсжээ.

Хэдийгээр сонирхол их байгаа ч аюулгүй байдал хамгийн том асуудал хэвээр байна. 2026 оны 2-р сарын судалгаагаар эмэгтэйчүүдийн 59 хувь  нь шөнө ганцаараа алхахаас хамгийн их эмээдэг гэжээ. Дараах таван улс эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал, энх тайвны үзүүлэлтээрээ энэ жил онцгойрч байна.

1. Коста-Рика

Энэ улс нь “Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын” нэгээр нэрлэгдсэн төдийгүй Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индексээр (WPS) 60-р байрнаас 34-р байр руу үсрэлт хийжээ.

  • Яагаад сонгох ёстой вэ? Дижитал нүүдэлчдэд зориулсан виз болон серфинг, йог сонирхогчдын нэгдэл ихтэй тул хүмүүстэй танилцахад маш хялбар.

  • Зөвлөмж: Санта Тереза болон Носара хавиар серфинг, йогийн хичээлд суух нь бусадтай танилцах байгалийн боломжийг олгоно. Мөн тусгаарлагдсан байшин түрээслэхээс илүүтэй нийгмийн харилцаа сайтай зочид буудлуудыг сонгохыг зөвлөж байна.

2. Эстони

Эстони улс WPS индексээр түүхэндээ байгаагүй өндөр буюу 11-р байранд жагссан. Гэмт хэргийн түвшин бага, улс төрийн тогтвортой байдлаараа алдартай.

  • Яагаад сонгох ёстой вэ? Нийслэл Таллин хотын ЮНЕСКО-д бүртгэлтэй Хуучин хот нь ганцаараа алхахад маш ойлгомжтой, аюулгүй. Түүхэн дурсгалт газрууд болон гар урлалын дэлгүүрүүдээр дүүрэн.

  • Зөвлөмж: “Kiek in de Kök” музей болон дундад зууны үеийн газар доорх хонгилуудаар зочлоорой. Мөн Табасалу байгалийн цэцэрлэгт хүрээлэнд байгалийн сайхныг ганцаараа таашааж алхахад нэн тохиромжтой.

3. Вьетнам

Зүүн Өмнөд Азийн хамгийн аюулгүй орнуудын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын мэдрэмжээр бүс нутагтаа өндөр үнэлэгддэг.

  • Яагаад сонгох ёстой вэ? Нутгийн иргэдийн харилцаа маш дулаахан. Гудамжны хоолны ширээний ард эсвэл холын зайн автобусанд хүмүүстэй ярилцаж, шинэ найз нөхөдтэй болох боломж их.

  • Зөвлөмж: Са Па-д нутгийн хөтөчтэй явган аялал хийх, Меконг дельтад айлд хонох (homestay) зэргээр нутгийн соёлтой ойр байхыг зөвлөж байна.

4. Уругвай

Өмнөд Америкийн хамгийн тайван орнуудын хоёрдугаарт (Аргентины дараа) ордог. Шударга ёс, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд 35-р байранд жагсжээ.

  • Яагаад сонгох ёстой вэ? Хүмүүс нь маш найрсаг, тайван. Нийслэл Монтевидео хотод дугуй түрээслэн далайн эргээр зугаалах боломжтой.

  • Зөвлөмж: Колониа дель Сакраменто хотын чулуун гудамжнуудаар зугаалж, жаргах нар хараарай. Хэрэв далайн эрэг хайж байгаа бол илүү аюулгүй, тайван Пунта дель Диабло тосгоныг сонгоорой.

5. Норвеги

WPS индексээр дэлхийд 3-р байранд жагсдаг. Нийгмийн халамж, цалингийн тэгш байдал болон иргэдийн аюулгүй байдлаар тэргүүлэгч орон юм.

  • Яагаад сонгох ёстой вэ? Эмэгтэйчүүдийн хувьд ганцаараа аялахад ямар ч хүчин чармайлт шаардахгүй мэт амар амгалан. Тэр байтугай шөнө орой ганцаараа оддын зураг авахад ч бүрэн аюулгүй байдлыг мэдэрдэг.

  • Зөвлөмж: Лофотен арлуудаар машин түрээслэн аялах нь хамгийн шилдэг сонголт. Мөн “Rorbuer” буюу загасчдын уламжлалт модон байшинд хонож, Скандинав загварын интерьерийг таашаах боломжтой.

Эдгээр улсууд нь зөвхөн аюулгүй байдал төдийгүй эмэгтэйчүүдийг хүндэтгэх соёл, байгалийн үзэсгэлэн, нийгмийн нээлттэй байдлаараа 2026 оны шилдэг чиглэлүүд болж байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn